2040 онд Улаанбаатар, Өмнөговь аймгийн хүн ам одоогийнхоос 2 дахин өснө

Админ | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

 

Үндэсний статистикийн хорооноос хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнд үндэслэн улсын хэмжээний хэтийн тооцоог хийж өнгөрсөн онд олон нийтэд танилцуулсан. Тэгвэл энэ удаад бүс, аймгийн түвшний хэтийн тооцоог хийж, үр дүнг танилцуулж буй аж.   Хүн амын хэтийн тооцоо нь статистикийн мэдээллийн нэг хэлбэр бөгөөд хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон хүн ам зүйн бусад үзэгдлүүд, хүн амын тоо хэмжээ, нас, хүйсийн бүтэц, байршлын талаарх ирээдүйн төлөв, байдлыг урьдчилан таамагласан тооцоолол юм. Энэхүү тооцооллыг нийгэм, эдийн засгийн болон хүн ам зүйн бодлого хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор хийдэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйн хүн амын үзэгдлүүдийг тооцоолсноор ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц, сургууль, эмнэлэг, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын ирээдүйн эрэлт, хэрэгцээг тодорхойлох чухал ач холбогдолтой юм.

Аймаг, нийслэлийн хүн амын төрөлтийн дундаж бууралттай хувилбараар хүн амын хэтийн тооцоо хийсэн үр дүнгээс харахад Улаанбаатараас гадна Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн хүн амын тоо тогтмол өсч, бусад аймгийнх буурсан байна. Харин Өмнөговь аймгийн хэтийн тооцоо нэлээн онцлогтой. Тухайлбал, тус аймаг уруу чиглэсэн ажиллах хүчний урсгалын нөлөөгөөр суурь оны хүн амд, ялангуяа 15-39 насны эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин өндөр байгаа нь цаашид ч гэсэн хэвээр хадгалагдахаар байна.

Аймаг, нийслэлийн хүн амын 1б хувилбарын хэтийн тооцоогоор 2010-2040 он хүртэлх жилийн дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр байгаа нь Улаанбаатар (3.8 хувь), Өмнөговь (3.1 хувь), Орхон (2.5 хувь), хамгийн бага байгаа нь Завхан (-1.7 хувь), Булган, Дундговь (-1.1 хувь) аймгууд байна.

Аймаг, нийслэлийн хүн амын 2б хувилбарын хэтийн тооцоогоор 2010-2040 он хүртэлх жилийн дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр байгаа нь Улаанбаатар, Өмнөговь (3.2 хувь), Орхон (2.4 хувь), хамгийн бага байгаа нь Завхан (-1.8 хувь), Булган (-1.2 хувь), Дундговь, Говь-Алтай (-1.1 хувь) аймгууд байна.

  Хэтийн тооцооны үр дүнгээс харахад 2040 онд Улаанбаатар, Өмнөговь аймгийн хүн ам одоогийнхоос 2 дахин өсөхөөр байгаа бол Завхан аймгийн хүн ам 2 дахин буурч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top