Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэх талаар санал гаргах, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг салбарын яаман дээр байгуулагдаад ажиллаж байна. Асгат ордын тусгай зөвшөөрлийг Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл эзэмшиж буй юм. Монголын баруун-хойд хэсэгт Оросын Холбооны Улсын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог Асгатын мөнгө-холимог металлын орд нь Оюутолгой, Тавантолгой гэх ордуудтай харьцуулахад бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэгдэж ирсэн.
2010 онд Монгол, Оросын төр засгийн тэргүүнүүд харилцан айлчлал хийх үеэрээ Асгатын ордыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцаад байсан. Түүнчлэн Монголын Засгийн газрын зүгээс баруун аймгуудын, Баян-Өлгийн хөгжлийг түргэтгэхэд чухал нөлөөтэй Асгатын ордод хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчийг олох асуудлыг яаравчлуулна гэсэн байр сууриа илэрхийлж байсан бол одоо тусгай зөвшөөрлөө өөр дээрээ авах асуудал ажил хэргийн түвшинд явагдаж байгаа харагдана. 75 хувийг нь Оросуудад алдчихлаа гэгдэж байсан ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах тухай асуудал Оросын талтай ямар тохиролцооны үндсэн дээр шийдэгдэх бол гэдэг асуулт мэдээж гарч ирэх билээ. Зэрэгцээд Оросуудын Тавантолгой дахь ашиг сонирхлын асуудал ч бас яригдах юм. Нэг ёсондоо бид Асгатаа бүтнээр нь авч үлдэхийн тулд ямар үнэ төлөх вэ гэдэг асуудал юм.
Харин одоо Асгатын тухай мэдээллийг хүргэе.
1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөв лөлтийн геологичид манай улсын ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай нутгийн гүнд 100 км-т геологийн судалгаа явуулжээ. Улмаар судалгааны хүрээнд 1980- аад оны сүүлээр Асгатын мөнгөний ордыг, Хөвсгөлийн фосфорын ордыг, Цагаан чулуутын алтны ордыг тус тус илрүүлсэн аж.
Асгатын мөнгөний ордын геологи хайгуулын ажлыг Монголын геологичид Оросын геологичдын техникийн туслалцаатайгаар Монголын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд далд малталтаар дөрвөн штольн нэвтрэлтийн ажлыг Зураг төслийн институтийн орлогч захирал, доктор А.Базарын удирдлагаар Налайхын уурхайчид гүйцэтгэсэн аж. Өдгөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Монголросцветмет” нэгдэл нь хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд лиценз эзэмших хугацаанд лицензийн болон бусад үйл ажиллагааны зардлыг гаргаж байжээ.Эл орд нь өндөр уулын бүсэд уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан дүүрэгт байрладаг. 1991 оны арваннэгдүгээр сарын 1-нд Улсын геологийн төвийн шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ордын нөөцийг С1 2389 мян.тн хүдэр, 912 тн мөнгө, С2 1644 мян.тн хүдэр, 482 тн мөнгө, Р1 6000 мян.тн хүдэр, 2130 тн мөнгө гэж баталсан байдаг байна.
Мөн тус орд нь 12.2 мян.тн висмут, 106.6 мян. тн сурьма, 238.2 мян.тн зэсийн нөөцтэй болохыг тодорхойлсон бөгөөд ордод хүдрийн таван биет судлагдаж үйлдвэрийн шинж чанартай нөөцтэй хэсэгт нь мөнгө 1000 гр.тн, зэс 0.5, марганц 0.25, сурьма 0.56, висмут 0.05, мышьяк 0.2, хар тугалга 0.02, төмөр 40 хувийн дундаж агуулгатай болох нь тогтоогдсон гэж доктор У. Мавлет бичсэн байна.
Харин салбарын яамнаас гаргаж буй мэдээлэлд “Үйлдвэрлэлийн С1+С2 зэргээр 6,402.6 мянган тонн хүдрийн нөөц тогтоогоод байна. Хүдэр дэхь мөнгөний агуулга 351,08 г/т бөгөөд уг ордын металлын нөөцийг мөнгө-2247,8, зэс-72646,6, сурьма-31830,9, висмут-3319,8 тонноор тус тус үнэлжээ. Өнөөгийн байдлаар Асгатын ордын геологийн судалгаа хийгдсэн, технологийн туршилтийн үр дүнгээр ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах хэд хэдэн хувилбар тооцоо, урьдчилсан үнэлгээнүүд хийгдсэн.
Хүдрийг далд аргаар олборлоно. Үйлдвэрийн жилийн хүдэр олборлох хүчин чадал нь 350-600 мянган тонн байхаар тооцож байгаа. Уулын үйлдвэрт 4,548 мВт цахилгааны ачаалал шаардагдах тул Баян-Өлгий аймгийн төвөөс Асгат хүртэл 110 кВт-ийн 150 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц барих, Ногооннуур сумаас Асгатын орд хүртэл 70 км, Асгатын ордоос Цагааннуурын дамжлага бааз хүртэл 110 км, нийт 180 км урт замыг сайжруулан засварлах, Асгатын голоос татсан усаар усан сан байгуулж усаар хангах хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
Нүүрсний галлагаатай уурын зуухаар дулаан хангамжийг шийдвэрлэх бөгөөд КТМ – 1.25 маркийн зуухыг тосгоны зуухтай хамтад нь хэрэглэнэ. Асгатын ордын хүдрийг флотацийн технологоор баяжуулахад хүдэрт агуулагдаж буй металлын сульфидүүдийг хам баяжмал болгон ялган авах, түүнээс хорт хольцод тооцогддог мышьяк, сурьмагийн агуулгыг ялгах технологи, хам баяжмалыг борлуулах, эсвэл Монголд хайлуулах үйлдвэр байгуулах талаар судалгаа, тооцоо хийх хэрэгтэй байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 47.4 сая ам. доллар юм. Төслийн үргэлжлэх хугацаанд орж ирэх үйл ажиллагааны нийт мөнгөн урсгал нь 173.7 сая ам. доллар болох бөгөөд уг ашгийг жилийн 10 хувиар бууруулан, өнөөгийн мөнгөнд шилжүүлсэн цэвэр ашгаар тооцвол 97.9 сая ам. доллар болж байна. Нийт төслийн хугацаанд Асгатын ордоос 198 сая ам. доллар орох тооцоо гарч байгаа юм” гэжээ.
Мөн доктор У. Мавлет хуучин нэрээр БНМАУ-ын Геологи, уул уурхайн яам энэ ордын зам харилцаа, хүдэр нь баяжигдах эсэх талаар судлаад Асгатын мөнгөний ордод Монголын талаас орох замгүй, ЗХУ-ын талаас штольн малтаж байгаа гэж дуулсан тул ЗХУ-ын Геологийн сайд Е.А.Козловскийгоос Алтайн хязгаарын “Курайн” экспедицэд зочлох талаар зөвшөөрөл хүсч, улмаар 1983 онд Я. Нархүү, У.Мавлет, З.Барас, Л.Мягмар, Цэнд-Аюуш нар очиж “Курайн” экспедицийн штольны (далд хонгил) ажилтай танилцаж “Курайн”-аас Асгатын орд, түүний хүдрийн бүс биетүүдийн байршилд нисдэг тэргээр ирж, геологийн тойм зураглалын хэмжээнд танилцаж байсан тухайгаа өгүүлжээ.
Түүнчлэн, Яамны орлогч сайд З.Барас, Яамны ерөнхий геологич, төрийн шагналт Л.Мягмар нар уг ордын геологи хайгуулын төслийг боловсруулж, хайгуулын ажлыг Хов дын геологийн экспедици хэрэгжүүлсэн бөгөөд З.Барас, доктор У.Мавлет хоёр Ю.Цэдэнбал даргад ажил танилцуулах далимаар Асгат руу Монголын талаас зам тавиулахад шаардагдах 1.0 сая төгрөгийг Улсын төлөвлөгөөний комиссоор гаргуулж, замтай болсон түүхтэй юм байна.
Геологийн төв лабораторийн химич инженер Санжмятав, баяжуулагч ииженер Б.Цогт-Очир, Пүрэв-Очир нарын хэсэг мэргэжилтэн яамны даалгавраар Асгатын мөнгөний баяжигдах чанарыг тодорхойлох зорилгоор хам баяжмал гарган авч, түүнээс 100 гр.тн мөнгө, зэс 8-10, сурьма 15, висмут 20 хувийг авсан ч мышьякийг ялгаруулж чадаагүй бөгөөд үүнээс тус ордын мөнгөний холимог металлыг тийм ч хүнд биш технологоор олборлон баяжуулах бололцоотой гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ.
Мөн доктор У. Мавлет гуайн хэлж буйгаар Асгатын ордын лицензийг “Монголросцветмет” нэгдэлд шилжүүлсэн түүхийг цухас өгүүлэхэд “1996 онд Жасрай гуай түүнд “Асгаттай холбоотой бүх материалыг бэлдэж, надад танилцуул” гэж даалгажээ. У.Мавлет доктор ч уг асуудлыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Тэгэхэд Ерөнхий сайд “Асгатын ордыг ашиглах цаг болсон. Хөөцөлдөх эзэнтэй болгох хэрэгтэй.
Бор-Өндөр, Бэрх зэрэг далд уурхайтай, гадаад дотоодын байгууллагуудтай холбоотой “Монголросцветмет” нэгдэлд хөрөнгө оруулагч олох, далд уурхайн мэргэжилтэн бэлдэх үүднээс лицензийг нь тэдэнд өгвөл яасан юм бэ” гэж хэлж байж.
У.Мавлет доктор хариуд нь “Хамтарсан үйлдвэрт орд газар өгч болохгүй” гэсэн ч П.Жасрай гуай “Бүрмөсөн өгч байгаа юм биш. Хөрөнгө оруулагч олж, уурхай байгуулах тохиолдолд хэлэлцээрээр зохицуулагдана” гэсэн бөгөөд удалгүй Засгийн газрын хуралдаанаар Асгатын лицензийг “Монголросцветмет” нэгдэлд шилжүүлэхдээ ямар ч үнэ өртөг, болзолгүйгээр тавиад туучихсан аж.
Гэхдээ лицензийг авсан “Монголросцветмет” зүгээр суугаагүй гэж байна. Тухайлбал, 1996 онд АНУ-ын “АПЕКС Силвер Майнинг” компанитай хамтарсан “Асгат мөнгө” ХХК, 2004 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улстай хамтарсан “ЭМ-ЭС Асгат” ХХК зэрэг компаниуд байгуулжээ. Улмаар “АПЕКС Силвер Майнинг” компани нь Асгатын геологи хайгуулд зарсан 5.0 сая америк долларыг хүчингүй болгох, Өлгий сумаас Ногооннуур сум хүртэл 110 квт-ын шугам татаж өгөх зэрэг болзол тавьсан, мөн тус аймагт дэлхийн стандартад тохирсон технологи байхгүй зэрэг шалтгаануудаас үүдэн үр дүнтэй ажил болж чадаагүй аж.
Харин 2006 онд ОХУ-ын “Полиметалл” нэгдлээс тавьсан Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаарх саналыг, Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын талуудад танилцуулснаар авсан зөвшөөрлийн дагуу хамтарсан “Асгат Полиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулжээ. Гэрээг байгуулахдаа “Мөнгө, зэсийн холимог хүдэр боловсруулах технологийн туршилтыг ОХУ-ын байгуул лагууд урьд өмнө нь хийж байсан, Хайлуулах үйлдвэр Асгатад барьж байгуулах хугацаанд хам баяжмалыг худалдан авагч нь тээврийн зай, өртгөөс шалтгаалан ОХУ-ын металлургийн үйлдвэр байхаас өөр сонголт үгүй, Энэ ордод хүрэх буюу ашиглахын тулд ОХУ-ын хилээр байнга орж гарч байх шаардлагатай гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн аж.
Гол нь “Бороо гоулд” “Цайрт минерал”, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудад гаргасан алдааг давтахгүйн тулд Асгатад зөвхөн баяжуулах үйлдвэр барьж, баяжмал зөөх төдийхнөөр ажиллахгүй. Юуны түрүүнд баруун бүсийн томоохон орд газруудын ирээдүйг бодолцож, асуудлыг цогц байдлаар шийдэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй юм.
Асгатын ордыг түшиглэн уурхай, баяжуулах фабрик, металлургийн үйлдвэр, 15-20 мвт-ын дулааны цахилгаан станц барьснаар 1000 гаруй хүн ажлын байртай болж, жилд 300-500 мян. тн хүдэр боловсруулахад (зэс, мөнгө, бусад дагалдах элемент) ихээхэн ашигтай ажиллах тооцоо гарч байгааг, Асгатын ордын хүдрийн бүс биетүүдийн байршлын геометр нь зөвхөн далд аргаар бус, ил аргыг ч хэрэглэх боломжтой тул өртөг зардал хямдруулах боломжийг олгож байгаа тухай ч мэргэжилтнүүд хэлдэг юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )