Австралийн зүрхэнд шар ус хуруулах боломж бий

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Коксжих нүүрсний экспортоороо дэлхийд тэргүүлэгч Австралийн зүрхэнд шар ус хуруулж мэдэх өрсөлдөгч нь манайх. Хэрэв өмнөд хөрш нүүрсний экспортоо тусгайлсан бодлогоор хумьчихгүй бол  бас дэд бүтцийн асуудал нааштай байвал хоёр жилийн дараа гэхэд Монгол Улс  тэдний коксжих нүүрсний хэрэглээний 52-60 хувийг хангаж мэдэх прогнозыг шинжээчид хийсэн байдаг. 2007 онд 2 сая тонн нүүрс экспортлож байсан манай улс 2010 онд 7,5 дахин нэмэгдүүлж, гурван жилийн дотор их үсрэлтийг хийсэн гэхээр дээрх прогноз төдийлөн хол бус. Тэрчлэн бид арван онд Вьетнамыг ардаа орхиж, Индонезийг гүйцчих юм бол Австралитай зэрэгцэн давхих боломж нээгдсэн. Харин өнгөрөгч оны тухайд нөхцөл байдал өөр байлаа. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, манай өмнөд хөршийн эрэлт зэргээс хамааралтайгаар нүүрсний экспорт буурсан байгаа. Гэхдээ энэ оны хоёрдугаар хагаст нөхцөл байдал өөрчлөгдөнө гэсэн хүлээлт бий. Тэр нь бид эргээд Австралийн экспорттой өрсөлдөх асуудалдаа анхаарлаа томоор хандуулна гэсэн үг юм.  Ер нь Австралийн нүүрсний олборлолт 1990-2010 оны байдлаар хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байдаг. Тэрчлэн  коксжсон нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд халаалтын нүүрсний экспортоор Индонезийн дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top