Буруутай ч бас “гавьяа”-тай Том Албанезе суудлаасаа буулаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

 

Давост Дэлхийн эдийн чуулганы үеэр манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой шадарлан уулзаж Тавантолгойд хөрөнгө оруулах тухай саналаа уламжилсан гэгддэг Рио Тинто-гийн Гүйцэтгэх захирал Том Албанезе суудлаасаа буухаар боллоо. Албан ёсны мэдээллээс үзэхэд тэрээр Рио Тинто-гийн Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээ өчигдрөөс эхлэн цуцалж, түүний оронд тус компанийн Төмрийн хүдрийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Sam Walsh-ыг томилох нь тодорхой болов.

Том Албанезе-ийг суудлаас нь буулгах болсон шалтгаан нь Рио Тинтогийн 2012 оны хүлээгдэж байсан ашгийн хэмжээ  14 тэрбум ам.долларын алдагдалтай гараад байгаатай холбоотой аж. Хэдийгээр тус компанийн үр ашгийн мэдээлэл эцсийн байдлаар ирэх сарын 14-нд нийтэд мэдээлэгдэх ч, “Рио Тинто Коул Мозамбек” компанийн Мозамбекийн Моатизийн ордоос нүүрс олборлох үйл ажиллагаа төдийлөн ашигтай байж чадаагүйн улмаас 3 тэрбум ам.долларын алдагдлыг Рио Тинто хүлээхээр болжээ. Мөн хөнгөн цагааны үйлдвэрлэл нь 10-11 тэрбум ам.долларын алдагдалтай тооцоолол гарчээ. Тиймээс хариуцлагыг толгой компанийн гүйцэтгэх удирдлагатай тооцохыг Удирдах зөвлөл нь шийдвэрлээд байна.

Тэгэхээр Монголын Оюутолгой дахь менежментийн эрхийг атгаж,  Монголын уул уурхайн  салбарын гол тоглогч гэх тодотголыг Бизнес Мониторинг Интернешнлээс авсан Рио Тинто удирдлагаа ийн солилоо.

Ер нь бол Том Албанезе-ийн тухайд Рио Тинтог Монголтой бат бөх уяхад ихээхэн хүчин зүтгэл гаргасан хүн гэдгээр нь бид мэднэ. Оюутолгой төсөлд  “Айвенхоу Майнз” –аас илүү Рио Тинто дархан эрхтэй болох үйл ажиллагааг тэрээр Удирдах зөвлөлийнхөө зааврын дагуу амжилттай гүйцэтгэсэн. Рио Тинто нь тухайн  компанид хувь эзэмших замаар төслийн удирдлагыг гартаа оруулах аргыг хэрэглэн Оюутолгойд эрхийг өөртөө авсан. Тийм зүйл болохоос өмнө бол Айвенхоу Майнзтай муудаж явсан үе бий. Арван онд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компани хувь хэмжээнээс болж Арбитрын шүүхэд хүртлээ муудалцсаны эцэст “Айвенхоу Майнз” хувьцаагаа “Рио Тинто”-д худалдахаас өөр гарцгүй болж байсан. Тэр үед  Гүйцэтгэх захирал Том Албанезе  “Манай компани “Айвенхоу Майнз”-ын гол хувьцаа эзэмшигч болохыг хүсч байгаа болохоос биш бүхэлд нь эзэмших сонирхолгүй байгаа” хэмээн мэдэгдэж байхад гадны хэвлэлүүд  хүссэн хүсээгүй Роберт Фрийдланд Том Албанезе-д  бууж өглөө хэмээн бичсэн нь ч бий. Ер нь Том Албанезе –ийн хувьд Удирдах зөвлөлийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монгол руу ихээхэн давшсан юм. Айвенхоу Майнз өнгөрсөн онд 15.1 сая ширхэг хувьцаагаа Рио Тинто-д худалдаж, Удирдах зөвлөлөө тус компани руу шилжүүлсэн. Тэр үед Том Албанезе тэргүүн эгнээнд байсан. Тэгэхээр компаниа  14 тэрбум ам.долларын алдагдалд ороход хүргэсэн гэгдэн хариуцлагаа хүлээн суудлаа өгч буй  Том Албанезе-ийн Монголын уул уурхайтай холбогдож, зүтгэсэн түүх нь жижиг биш аж. Тэр Рио Тинто-д гай дагуулсан бол гавьяаг ч бас дагуулжээ.

 

Э.Болор 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top