Гадаад харилцааны сайд Л.Болд БНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Салман Куршидтай өргөтгөсөн уулзалт хийлээ. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ.
Гадаад харилцааны сайд нар Монгол-Энэтхэгийн харилцаа сүүлийн жилүүдэд улс төр, боловсрол, батлан хамгаалах зэрэг бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв. Үүний тулд хоёр орны хоорондох агаарын харилцааны асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Мөн гуравдагч хөрш “БНЭУ”-тай Иж бүрэн түншлэлийн түвшинд хамтын ажиллагааг бодит утгаар хэрэгжүүлэх, цаашлаад стратегийн түвшинд хүргэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.
Сайд Л.Болд Монгол Улс БНЭУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг цохон тэмдэглэж, шинчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулах тал дээр хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын эдийн засаг жилээс жилд өсөж байгааг тэмдэглээд энэтхэгийн компаниудыг Монгол Улсын эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг урьж, ардчилал, хүний эрхийг бүс нутагт бэхжүүлэх үйл хэрэгт үргэлжлүүлэн хамтран ажиллахыг санал болгов. Мөн шинчлэлийн Засгийн газар нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг багасгах, баялгийг шудрага хуваарилах замаар дундаж орлогтой иргэд зонхилсон нийгмийг төлөвшүүлэх зэргийг үндсэн зорилтоо болгон ажиллаж байгааг илэрхийлжээ.
Салман Куршид сайд АОХН-ийн хүрээнд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээх чиглэлээр санаачлага гарган Ардчиллын боловсролын асуудал зэрэг чухал асуудлуудыг хөндөж идэвхитэй ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, 2015 онд болох НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн сонгууль болон 2022 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Монгол Улсыг дэмжихээ илэрхийллээ.
түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд Энэтхэгийн парламентын дээд танхимын гишүүн Маяа Сингх-тэй уулзаж хоёр орны хооронд урлаг соёлын салбарт хамтарч ажиллах талаар ярилцаж, тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулах талаар тохиролцлоо.
Айлчлалынхаа төгсгөлд Гадаад харилцааны сайд Энэтхэгийн Худалдаа, үйлдвэр, нэхмэлийн аж үйлдвэрийн сайд Ананд Шарматай уулзаж хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцов.
Сайд нар уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, боловсрол мөн хөрөнгө санхүүгийн зах зээлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, идэвхжүүлэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэв. Сайд Л.Болд айлчлалаа Мумбай хотын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцан, энэтхэгийн бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтаар эхлүүлсэн нь хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах эрмэлзэлтэй байгаагийн тод илрэл болохыг талууд онцлов.
Хоёр талд байгаа боломж бололцоог бүрэн дайчилсан хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийн тулд бизнес эрхлэгчдийг холбох байнгын механизм бий болгох шаардлагатайг дурдаад Энэтхэгийн Худалдаа, үйлдвэр, нэхмэлийн аж үйлдвэрийн сайдын энэ онд Монгол Улсад бизнесийн төлөөлөгчдийн хамт хийх айлчлал дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Ананд Шарма сайд Монгол Энэтхэгийн уламжлалт найрсаг хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдэж, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын урилгаар Монгол Улсад удахгүй айлчилна гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )