Монголыг Австралийн тэр Аборигенчүүдтэй харьцуулж ярихыг тэвчиж чадахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хуулийн төслийн үзэл баримтлалыг 2011 оноос хойш ҮАБЗ дээр гурван удаа, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор нэг удаа тус тус хэлэлцүүлсэн. Тэгвэл мэргэжлийн байгууллагууд, гадаад, дотоодын уул уурхай эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын хүрээнд уг хуулийн төслийг хэлэлцүүллээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан  гадны хөрөнгө оруулагч, уул уурхай эрхлэгчдэд хандан байр сууриа илэрхийлсэн нь яах аргагүй анхаарал татаж  байсан юм. Тэр хэлэхдээ “Та бүхэн Монголын бодит байдлыг мэдэх хэрэгтэй. Геополитикийн хувьд  эмзэг экологитойн хувьд, бас хүн ам цөөхөн, байршил гэх зэргээс эхлээд бид бие биеэ сайн ойлголцох хэрэгтэй. Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад бодит байдлаа харах хэрэгтэй. Иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн мэргэд, бизнес эрхлэгчид өөр өөрсдийн асуудлаа харсан. Дэлхий бол бөөрөнхий, гэхдээ түүнийг дор хаяж гурван өнцгөөс нь харж байж нэлээн бодит зураг гарах учраас хуулийн төслийг  бүр олон өнцгөөс нь, олон талаас нь харах хэрэгтэй юм.

 Гадныханд хандаж нэг зүйл хэлмээр байна. Төрийн өмч бол ард түмний өмч. Төрийн мэдэлд байна. Төрийн хяналт ч байна. Гэхдээ бид төрийн хяналтаа заавал бизнесийн үйл ажиллагаанд оролцох зарчмаар тавих нь буруу байж магадгүй. Өчигдөр уржигдар ч гэсэн Норвегийн хүмүүстэй уулзаж байхад, ер нь их олон зүйл унших тусам өмчийн эзний хувьд Монгол Улс хяналтаа тавина.  Хяналтыг зөв шударга, авилгалгүй тавих гэдэг нь өөр асуудал. Хэрвээ хөрөнгө оруулагчид маань хариуцлагатай уул уурхайн төлөө байх юм бол ямар ч айх аюул байхгүй. Хамгийн найдвартай, хамгийн амар амгалан, хамгийн хариуцлагатай боловсролтой нь Монголын ард түмэн шүү дээ.

Ний нуугүй хэлэхэд Монголын алдаа онооноос гадна Австрали, Канад улсын хуулийн олон зүйл заалтыг авчраад суулгах гэхээр Монголын амьдралд таарахгүй маягийн юмыг ярих гээд байгаа зарим хөрөнгө оруулагч байна. Бид нар Австрали шиг хариуцлагатай уул уурхайг бүтээмээр байна шүү дээ. Бид нар тэнд очиж үзсэн. Яг Монголд үйл ажиллагаа явуулдаг Австралийн компани дээр очоод үзэхэд усан үзмийн тариалан, уул уурхай хоёр хамт байж байгаа юм. Тэнд тоосжилтыг хянаж, шороо асгахдаа ус шүршиж тоос бужигнуулдаггүй арга байна. Монголд болохоор замгүй газраар машин явдаг, шороогоо хамаагүй асгадаг,  хос стандартгүй. Яг тэр Австралид байдаг шигээ манайд тэр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, байгаль орчин, хүн амын нөхцөлд таарсан нэг стандартаар ажиллаач ээ гэж хэлэх гэсэн юм.

Бид нар бас өөрсдийгөө өөрчилнө. Өөрчлөхийг хичээнэ. Монголын төр засаг, Засгийн газар бизнесийн орчинг сайжруулахаар маш их ажил хийх гэж байгаа. Элдэв зөвшөөрөл, хүнд суртал, авлига байхгүйгээр өөрийнхөө гэрийн даалгаврыг хийх гэж ажиллаж байгаа. Өнөөдөр Монголд улс төрийн аятай таатай орчин бүрэлдэж байгаа. Урьд нь их цаг авдаг байсан ажлыг одоо хурдан түргэн шийднэ. Яг түүнтэй адил манайд хөрөнгө оруулагчид өөрсдөө бас өөрчлөгдөх хэрэгтэй. Монголыг бол өөр улстай харьцууулж болно. Гэхдээ биднийг өөр янз бүрийн хүмүүстэй харьцуулахыг хүлээж авдаггүй. Австралитай харьцуулж ярьж болно. Харин Австралийн тэр Аборигенчүүдтэй харьцуулж ярихыг би үнэхээр тэвчиж чадахгүй.

 Бид хүн цөөтэй, ядуу байж магадгүй Монголчууд бол үнэхээрийн уужуу тайвуу ухаантайгаас гадна холын ухаантай хүмүүс учраас хэтэрхий тэгж туйлшрахгүй. Та нарын ажил хийх, бизнес эрхлэх найдвартай тогтвортой эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх гэж их хичээж байгаа шүү. Хэрвээ энэ зохицуулалтгүй яваад байх юм бол одоогийн байгаа энэ нийгмийн харилцаанд төвөгтэй болох учраас, төр, засаг гэж байгаа учраас энд аль алиных нь эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэх гээд байгаа юм. Тиймээс та бүхэн айхтар айж эмээлгүйгээр илэн далангүйгээр санал бодлоо бичээрэй. Бид нарт мэргэжлийн зөв зүйтэй санал өгөөрэй.

 Монгол Улс бол Монгол Улс, бусдаас ялгаатай. Монгол Улс бол баялгийн төвшин өндөр, глобальчлагдаж байна. Хамгийн ихээр хүмүүсийн сайн шинжийг агуулсан хүмүүс бол Монголчууд гэж би боддог. Тиймээс та бүхэн орон нутгаас айж эмээх хэрэггүй. Орон нутгийн малчин ард жинхэнэ их зөв ухаантай, хотын олон хүмүүсээс илүү юманд их үнэнч ханддаг, за гэвэл ёогүй, эвдрээгүй хүмүүс тэнд байгаа. Тэр хүмүүстэй хэл амаа ололцоод гэрээ хэлэлцээр байгуулаад явна гэвэл энд эмзэглэх шаардлага байхгүй. Бид нар эрх зүйн орчноо боловсронгуй болгоё гэсэн санаа байгаа болохоос тэс ондоо болгож өөрчлөх санаа байхгүй. Тэгээд та бүхэн санаа бодлоо 12 хоногийн дотор өгөх бүрэн боломжтой. Ингээд хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхэндээ баярлалаа. Тэр хүмүүс сайн хуулийн төсөл хийе гэж бодсон байх. Дутуу дулимаг зүйл ч байгаа байх.

 Бид бүхэн энэ хуулийг анх удаа нээлттэйгээр бүтэн сар танилцууллаа. Энэ хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд, харилцан хүлээн авах байр суурь ойртох хүртэл явья. Бид нар бүгдийг ойлгохыг бодъё. Та бүхэн биднийг ойлгохыг бодоорой. Ингэж ярьж байгаад УИХ хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэн энэ хуулийг батлах байх. Дахин нэг зүйлийг хэлэхэд энэ хууль аливаа нэгэн улс төртэй ямар ч холбоо байхгүй. Ардчилсан оронд байдаг процесс явагдаж байна. Хууль боловсруулах аргачилсан үйл явц гэдгийг зөв хүлээж авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр бол ажил хэрэгч сайн анхны хэлэлцүүлэг боллоо гэж бодож байна” хэмээн хэллээ.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top