Хэрэв том сэтгэе гэвэл...

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Сүүлийн үед манайхны “геополитикийн өвчин” хөдлөв. Энэ удаад “төмөр замын цариг” гол асуудал болов. Хэрэв нарийн царигаар баривал Хятадын цэрэг цуваад ороод ирэх юм гэнэ, хэрэв өргөн царигаар баривал Оросын цэрэг ороод ирэх юм гэнэ. Өөрийгөө боловсролтой гэж бодсон мангуунууд Та нарт энэ чинь XXI зуун гэж хэд хэлэх ёстой юм. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлсү…

Эхлээд Дэлхийн далайн тээврийн ложистик бүдүүвчийг үзүүлье. Энд улаан, хөх хоёр шугам байгаа. Энэ бол дэлхийн бүх тээврийн 90 гаруй хувийг гүйцэтгэж байгаа далайн тээврийн бүдүүвч юм.

Ухаандаа Европоос гарсан ачаа Газрын Дундад тэнгисээс дамжаад нэн аюултай Суэцийн суваг Улаан тэнгисийг гатлаад Булангийн орнуудыг тойроод Энэтхэг, Хятадыг дайраад, Австрали болон далайн орнууд хүрээд Солонгос, Япон хүрч байгааг бид харж байна. Энэ бол дэлхийг холбосон XX зууны далайн тээвэр бөгөөд үүнийг хянахын төлөө дэлхийн хоёр ч дайн дэгдсэн юм. Үүнийг дээрх зураг дээр улаанаар тэмдэглэсэн байгаа ба “хуучин зам” гэж нэрлэж байна.

Харин хөхөөр тэмдэглэсэн нь хойгуур буюу “шинэ зам” юм. Энэ зам нь улаан замаасаа 4000-5000 километр татуу, аюул багатай. Одоо энэ замын стратегийн ач холбогдол асар их өсч байна. Практик ач холбогдол ч их өсч сүүлийн үед ачаа тээвэрлэлт асар их нэмэгдсэн.

Үүнтэй холбоотой Хойт мөсөн далайн маргаан их гарах болов. Үнэн хэрэг дээрээ энэ “шинэ замыг” хянах гэсэн стратегийн өрсөлдөөн юм. Миний л мэдэхээр Оросууд Хойт туйлын далайн гүнд төрийн далбаагаа мандуулж, “Лоширак” хэмээх онцгой нууц шумбадаг онгоцоор далайн гүний зураг авч, далайн хэт гүний өрөмдлөгө хийж, Умарт туйлын нисэх хүчин, усан флот, агаарын хамгаалалтын системээ асар их сайжруулж байна. Тэдэнд мөнгө нь илүү гараа юу. Үгүй ш дээ…

Манайд Баабар л Оросыг сөнөсөн гэж солиорч байгаа болохоос тэд ёстой холыг харж байна ш дээ…

Монгол далайд гарсан нь

Одоо зургийг цааш харъя. Эндээс далайд гарцтай орон хөгжиж болдог гэсэн зүй тогтол харагдана. Манайх далайд гарц байхгүй. Энэ талаар 1990-ээд оны эхэнд Л.Түдэв гуай анх бичиж бид ч их хөөрсөн санагдана. Тэр цагаас хойш юу хийсэн бэ ?! Оросын Сургуульд хэдэн залуу явуулав, энд тэнд гүйж байгаад далайд гарцгүй орны статус олж авав, тэгээд түүнийгээ Монголын төрийн далбаа худалдах ажил болгож хувиргав, Хятадын Тянжинд талбай түрээсэлж 8 айл суулгав, тэд нар нь карго гаргах ажилтай болов, хятадууд уурлаж талбайгаа хурааж авав, Монголын төрийн далбааг Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа далайн дээрэмчин, контрабандистуудад зардаг ажил эрхлэх болов. Ингэж л бид далайд гарсан ш дээ…

Энд Монголын үе үеийн төрийн түшээдийн гүйцэтгэсэн үүргийн талаар бичих цаг ойрхон буй. Энэ нь тэднээс айгаад байгаа хэрэг огтхон ч биш. Би “цаг нь болохоор хэлнэ” гэдэг мангуу амьтан биш. Харин цаг нь болохоор аль болох олон монголын дайсныг алах гэж байгаа юм…

Хятад

Хятад тээврийн хувьд их азтай улс юм. Тэд далайн гүрнээс гадна эх газрын улс юм. Далайгаар тээвэрлэж авчирсан зүйлээ Хөх, Шар мөрнөөрөө эх газрынхаа гүн рүү татах боломжтой. Мөн үйлдвэрлэсэн зүйлээ гадагш зөөх боломжтой. Тэд мэдээж эх газартаа төмөр замын хүчирхэг сүлжээтэй. Гэхдээ тэр нь далайн эрэг болон өмнөд нутагтай төвлөрсөн.
Эдийн засгийн хэллэгээр бол Хятадын умарт хэсэг Өвөр Монгол, Шинжаан Уйгар бол хов хоосон нутаг. Одоо л эрчимжиж буй.
Манай өмнө зүгт Хятадын 8 орчим төмөр замын яг тулсан шугам буй. Энэ талаар сэтгүүлч А.Баатархуяг нэн тодорхой өгүүлсэн.

Орос

Дээрх ложистик зургийг сайн харвал энэ дэлхийн хамгийн хоосон нутаг нь Оросын Сибирь хийгээд Алс Дорнод болно. Хэдийгээр манайхан их дургүй боловч энэхүү “хоосон нутагт” Монгол яах ч аргагүй орно.
Орос их зовлонтой. Ядахдаа гол мөрөн нь “эх оронч” биш. Баруун зүүн тийш биш, урагш хойш урсана. Жилийн найман сар хөлдөнө. Ганц үл хөлдөх боомт нь Владивосток, Ванино.
Евроазийн энэ нутагт цорын ганц төмөр зам буй. Үүнийг Транссибирийн төмөр зам гэх. Үүнээс болж хэд хэдэн дайн гарсан. Трансибирийн төмөр замын салаа бол Та бидний сайн мэдэх БАМ юм. Энэ нь Евроазийн эх газраас зүүн тийш далай руу чиглэсэн зам юм.

Одоо энэ чиглэлийн ач холбогдол ихээхэн өсч байна. Транссибирийн төмөр замын ачаалал ихээхэн хэтэрсэн учраас Оросууд одоо БАМ -2-ыг барьж эхэлж байна. Тэгээд ч Оросууд “төмрийн заводууд” Европдоо, ашигт малтмал нь Азидаа байгаа утгагүй байдлаа өөрчлөхөөр шийдээд байна. Өөрөөр хэлбэл Оросууд зүүн тийш “нүүж” эхэллээ.

Манай Монгол

Манайд Оросуудын Хятадтай сайн байх үед тавьсан урагш хойшоо төмөр зам байх. Уг нь их үүрэгтэй юм шүү. Одоо төмөр зам хүн, соёл, бүтээн байгуулалт тээхээсээ өмнө ашигт малтмал тээх гэж байна. Энэ бол том ялгаа.

Ингээд Монгол Улс стратегийн чиглэлээ тогтох ёстой болж байна. Бид иргэншсэн Япон, Солонгос руу тэмүүлж байна. Гэхдээ Орос, Хятад хоёр хөршийнхөө нутгийг заавал дайрна гэдгээ мартаж боломгүй.
Төмөр замын тээвэр бол далайн тээврээс 2-3 дахин илүү өртөгтэй “ашиггүй” эд аж. Гэхдээ эх газрын нөхцөлд түүнийг орлох юм юу ч байхгүй. Үүний баталгаа нь манай баруун талаар хуучин торгоны замаар Хятад Дундад Азийг холбосон төмөр замын сүлжээ өдөр болгон нэмэгдэж байна.

Ер нь ингэхэд босоо тэнхлэг гэж байж болохгүй юу. Ухаандаа манай Завханы хойно Кызыл-Кураганы төмөр зам гээд байж л байна ш дээ…

Ингэхээр босоо, хэвтээ хоёроо зэрэг бодоход наад толгойгоос чинь юу унах гээд байгаа юм ?! Ер нь монголчуудад толгой гэж байвал тэр шүү дээ…

Хэрэв дан хэвтээ тэнхлэг гэвэл манай боломж Баянтүмэнгээр дамжин Оросын Ванино хүрэх, Монголын аль нэг ойр боомтоор дамжин Хятадын Тяньжин хүрэх явдал мөн. Өөр ямар ч хувилбар байхгүй…
Хоёр том хөршөө нулимчихаад тэдний нутаг дээгүүр иргэншсэн ертөнцтэй “найзалж” болно гэж Баабар л бодож чадна байх…

Физик хими, геополитик, төмөр замын цариг гурвыг хольж яриад солиороод байх чинь дэндүү утгагүй байна, монголын сэхээтэн нэртэй лаларууд аа…

Судлаач Х.Д.Ганхуяг Эх сурвалж: www.ganaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top