Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаяр “Чингис” бондын санхүүжилтээр босгосон 1.5 сая ам.доллараар хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийн саналыг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Роберт Вихтол нарын төлөөлөгчдөд танилцуулжээ. Улмаар АХБ-ны зүгээс Улаанбаатар хотын төлөвлөлт, түүнийг дагасан дэд бүтцийн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохыг хэлэлцсэн байна.
Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд эхний ээлжинд нийслэлд 2013 онд 60 гаруй км урттай 2 хурдны зам, 33 уулзварыг цэгцлэх ажлыг шаардлагатай болохыг төлөөлөгчдөд мэдээлж, үүний хариуд АХБ-наас энэ онд Монгол Улсад Multi Tranche Facility хэлбэрээр нийтдээ 800 гаруй сая ам.долларын хөрөнгийг босгох боломжтой тухай мэдэгдлээ.
Цаашид хэрэгжүүлэхээр тохиролцсон төслийн хүрээнд нийт санхүүжилтийн 1/3 хэсгийг Засгийн газраас, 1/3 хэсгийг АХБ-наас, үлдсэн 1/3 хэсгийг бусад гадаад түншлэгч орон, олон улсын байгууллага, хувийн хөрөнгө оруулагч нараас босгох чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэхээр тогтжээ.
Үүнтэй холбогдон Монгол Улс-АХБ-ны хооронд дунд хугацаанд хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2013 оны 1 дүгээр сард багтаан шинэчлэх чиглэлээр 2 талаас хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )