Улсын төсөв 1163.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

 

Улсын нэгдсэн төсвийн арванхоёр оны сүүлийн байдлаарх мэдээллийг хүргэж байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт  хэмжээ 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4880.9 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6043.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1163.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4840.8 тэрбум төгрөг, урсгал зардал 4590.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 250.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого өмнөх оныхоос 533.4 тэрбум төгрөг буюу 14.5 хувиар нэмэгдэхэд  гадаад худалдааны татварын орлого 10.1 тэрбум төгрөг буюу 3.0 хувиар буурсан хэдий ч нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 212.9 тэрбум төгрөг буюу 45.0 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 198.8 тэрбум төгрөг буюу 13.9 хувь, бусад татварын орлого 15.9 хувь, орлогын албан татварын орлого 4.3 хувь, өмчийн татварын орлого 26.2 хувиар өссөн нь нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оныхоос 17.2 хувиар нэмэгдэхэд төсөвт газрын өөрийн орлого 17.9 хувиар буурсан хэдий ч хувьцааны ногдол ашгийн орлого 75.5 хувь, газрын тосны орлого 42.8 хувь, хүү, торгуулийн орлого 35.7 хувь, бусад нэр заагдаагүй орлого 22.8 хувь, навигацын орлого 10.2 хувиар  өссөн нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6043.9 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 20.9 хувиар нэмэгдсэн нь эргэж төлөгдөх цэвэр зээл 85.5 хувиар буурсан хэдий ч бараа, үйлчилгээний зардал 46.9 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 33.0 хувь, хөрөнгийн зардал 8.1 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал  3.4 дахин өссөнөөс шалтгаалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top