Дэлхийн банк: Монгол Улсын төсвийн алдагдал 7-8 хувьд хүрч мэднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

 

Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геберс УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд хүсэлт тавьсны үндсэн дээр тэд уулзжээ. Эрхмүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, энэ оны улсын төсвийн талаар санал солилцсон талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу хийгдсэн, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтэгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан, дэд бүтцийн хөгжилд нэмэр болох ихээхэн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн зэргээрээ онцлог болсныг хатагтай Корали Геберс энэ үеэр дурджээ.  

Монгол Улсын хувьд төсвийн хөрөнгө оруулалт зөв чиглэлдээ явж ирсэн ч эдийн засгийн чадавхи, тэнцвэрийг хангахын тулд анхаарууштай зарим асуудал байгааг тэрбээр хэлсэн байна. Тухайлахад, энэ онд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй гэж тусгасан хэдий ч ОУВС-гийн тооцоогоор зургаан хувьд хүрэх төлөвтэй, Дэлхийн банкны судалгаагаар 7-8 хувьд хүрч мэдэхээр байгаа аж. Иймээс зардлаа танах, орлогыг бодит байдалтай уялдуулж зөв тооцох, нэн ялангуяа “Чингис” бондын зарцуулалтад анхааралтай хандаж гол нь баялаг бүтээхэд ашиглах нь чухал байгаа, түүнчлэн бондын хөрөнгийг ашигласан мөнгөн дүнг төсөвт зөвөөр тусгах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хатагтай Корали Геберстэй санал нэг буйгаа дурдаад энэ оны манай төсөвт урсгал зардал нэмэгдсэн, иргэддээ хүртээх юм бага туссан тал бий. Гол нь Засгийн газар хэрхэн ажиллахаас төсвийн хувь заяа шалтгаална. Иймээс төсөв болон бондын асуудлаар хамтарч ажиллахын төлөө байна гэдгээ хэлжээ.  Мөн улс орны эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар сонирхсон аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top