“Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид” чууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

“Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид” сэдэвт хуралдаан Давост боллоо. Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй санхүү, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор байгуулагдсан энэхүү чуулга уулзалтад 22 жилийн өмнөөс оролцож эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс зөвхөн оролцогч орон бус санаачлагч, хэрэгжүүлэгч, хамтран ажиллагч хийгээд идэвхтэй нөлөөлөгч орон болохын тулд тодорхой асуудлууд дээр, тухайлбал ус, уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт болон авлигын сэдвүүд дээр байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа билээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сард уул уурхай, төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн асуудлаарх тусгай хуралдаанд өмнөх зөвхөн төр болон хөрөнгө оруулагч хоорондын хоёр талын харилцааг өөрчлөн шинэ хандлагаар өргөжүүлж олон оролцогчидтой болгох санаачилга гаргасан. Байгалийн баялаг ихтэй орнуудад уул уурхайн ордуудыг зүй зохистой ашиглах явдал тулгамдсан асуудал болж байгаад дүгнэлт хийн орон нутгийн иргэдийн эрх ашгийг илэрхийлэгчид, төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан, байгаль орчны хамгаалагчид гэхчлэн оролцогчдын тоог өргөтгөх нь уг санаачилгын зорилго байв. Улмаар Монгол Улс “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга”-ыг гаргасан бөгөөд одоогоор 20 гаруй орон түүнд нэгдээд байна.

 Энэ санаачилгын дагуу хэлэлцүүлгийг Ази, Африк, Латин Америкийн 10 гаруй оронд зохион байгуулж, олон орны Засгийн газар, ТББ-ууд болон уул уурхайн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга” загвар зөвлөмж гаргасан юм. Мөн олон улсад үйл ажиллагаа явуулж буй 22 төслийн туршлага, Монгол, Чили, Либери, Гана зэрэг байгалийн баялгийн асар их нөөцтэй, харьцангуй хөгжил буурай орнуудаар жишээ аван судалгаа хийж, уул уурхайд түшиглэн хэрхэн хөгжих талаар загварчлал боловсруулсан байна.   Санаачилгыг хэрэгжүүлэхээр Монгол Улс ашигт малтмалын тухай эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох, баялгаа ард иргэддээ өгөөжтэй, зүй зохистой ашиглах арга хэмжээ авч байна. 

 Энэ удаагийн уул уурхайн асуудлаарх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос гадна Гивнейн Ерөнхийлөгч Алфа Конде, Перугийн Ерөнхий сайд Хуан Мэйр, Зимбабийн Ерөнхий сайд Морган Цвангирай болон дэлхийн хамгийн шилдэг 15 уул уурхайн компанийн төлөөлөл, бусад улс орны төлөөлөгчид оролцов.

Хуралдааны үеэр Ерөнхийлөгч хэлэхдээ говьд олборлолт нь, Улаанбаатарт шийдвэр гаргагчид нь, Лондонд хөрөнгө оруулагчид нь, бас нэг олон улсын биржид мөнгө нь байгаа хоорондоо уялдаа муутай, авцалдаагүй байдлыг шинэчилж, хамтын ойлголцол, үр дүнтэй шийдлийг бий болгоход дээрх санаачилга хэрэгтэйг онцолж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top