Оюутолгойн гүйцэтгэх удирдлагад монголын төлөөллийг оруулах талаар ярина

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн төлөөлөгчидтэй “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлыг энэ сарын 6-нд хийхээр тохироод байгаа. Гэхдээ тус хурлын өмнө Төлөөлөн удирдах зөвлөл хуралдах юм байна.

Хурлаар Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулах, гүйцэтгэх удирдлагын түвшинд монголын талын төлөөллийг ажиллуулах, Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оролцуулах зэрэг асуудлыг ярихаар төлөвлөж байгааг Уул уурхайн яамнаас мэдэгдэж байна. Тус төслийн анхны хөрөнгө оруулалт нь 2 орчим тэрбум ам.доллар буюу 40 гаруй хувиар нэмэгдээд байгаа учир анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг манай талаас тодруулж байгаа аж.

Ер нь бол Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдснаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Оюутолгой төслийн эхний шат  хэрэгжиж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нээлтээ хийж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад бэлэн болоод байна.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар “Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэрээний биелэлтэд хяналт тавих, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдон Улсын Их Хурлаас гарсан шийдвэрүүдүүдийг хэрэгжүүлэх, гэрээний зарим заалтыг тодорхой болгох талаар хөрөнгө оруулагч талтай өмнө нь хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгуулсан.

Дээрх ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Уул уурхайн яаман дээр дэд ажлын хэсгийг байгуулж, Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагааг ил тод болгох, гэрээний хоёр талын хүртэх ашиг, үр өгөөжийг тэнцвэртэй болгох чиглэлээр холбогдох санал, дүгнэлт боловсруулаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top