Стратегийн 15 ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар тогтоолгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Уул уурхайн сайдын тушаалаар Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хилийн заагийг шинэчлэн тогтоох, шинээр хамруулах ордуудын талаар санал бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Тус Ажлын хэсэг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг дахин нягталж, шинэчлэн тогтоох санал болон хил хүрээг шинэчлэн тогтоох саналуудыг бэлтгэсэн байна. Мөн Стратегийн ач холбогдолтой ордод шинээр хамруулах боломжтой 30 орчим ашигт малтмалын томоохон ордуудын судалгаа, танилцуулгыг нэгтгээд байгаа аж.

Тодотгоход, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 43 дугаарт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийг нэгтгэн, корпорацийн зохион байгуулалтад оруулж, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд давуу эрхийн хувьцаа олгоно” гэсэн заалтын дагуу салбарын сайд тушаал гарган ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top