Канадын Entrеe Gold Inc компани Монгол дахь Хойд Хюго Үргэлжлэл Орд болон Херуга порфирийн зэсийн хоёр ордод өндөр ач холбогдол өгдөг гэдгээ албан ёсны мэдээлэлдээ дурджээ. Тэгвэл эдгээр ордууд нь энэ компанийн мэдэлд байснаар манай Засгийн газрын Оюутолгой төсөл дэх хувь хэмжээнд асуудал үүсгээд байна. Entrеe Gold Inc-ийн мэдээллээс харахад тус компанийн хувьцааны 13 хувийг Рио Тинто, 11 хувийг Айвенхоу Майнз компани эзэмшдэг бөгөөд энэ хоёр компанийг гол хувьцаа эзэмшигчид гэж тодотгосон байгаа юм. Тэгэхдээ хувьцааны хяналтын багцыг эзэмших эрх энэ хоёрт байхгүй.
Харин Entrеe Gold Inc компанийн эзэмшлийн Lookout Hill буюу Шивээ Толгой бүлэг талбай нь ойролцоогоор 75,106 га газрыг хамрах хоёр ашиглалтын лицензтэй бөгөөд энэ талбай нь Оюутолгой ХХК-ийн эзэмшдэг Оюутолгой ашиглалтын лицензит талбайг бүхэлд нь хүрээлэн оршдог. Оюутолгой ашиглалтын лицензит талбайн хойд, өмнөд болон зүүн хэсгүүдэд орших Шивээ Толгой бүлэг талбайд Entrеe Gold Inc, Оюутолгой ХХК нь хамтарсан төслийн үйл ажиллагаатай. Хамтарсан төслийн 80 хувь нь Оюутолгой ХХК-ийнх, 20 хувь нь Entrеe Gold-ынх аж. Энэ төсөл нь Хойд Хюго Үргэлжлэл орд мөн зэс-алт-молибдений Херуга ордыг багтаасан гэсэн үг. Entrеe Gold Inc-ийн зүгээс эдгээр нь бүгд Монгол Улсын Засгийн Газарт албан ёсоор бүртгэлтэйгээс гадна Оюу Толгойн уул уурхайн цогцолборын эрдсийн баялаг хөгжлийн төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын гэрээнд хамрагдсан гэсэн байна.
Оюутолгой ХХК нь 2004 оноос хойш хамтарсан төслийн бүлэг талбайд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Entrеe Gold нь Шивээ Толгой бүлэг талбайн хэсэг болох Shivee West буюу Баруун Шивээд өөрсдийн хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэрчлэн Оюутолгой болон Entrеe Gold нь бүх үйл ажиллагаагаа Монгол Улсын хуулийн дагуу явуулж холбогдох эрх бүхий байгууллагуудад тайлагнан ажиллаж байгаа гэж дурджээ.
Компанийн зүгээс ийм мэдээлэл гаргасан байхад манай нөхдүүд дотооддоо учрыг нь олохгүй будилж явна. Баасан гарагийн чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбарын сайдад хандан “Оюу толгой компани нь нийт талбайнхаа 70-80 хувийг эзэмшиж байна гэсэн. Харин Монгол Улс энэ талбайн 34 хувийг эзэмшиж байна. Нөгөө талд байгаа 20-30 хувь нь Entree Gold компанид байна гэж ойлгосон. Та сая хариулахдаа “Хуулийн дүгнэлт гаргаж байгаа. Хууль зөрчсөн зүйл байна. Энэ Entree Gold нь ямар ч асуудалгүйгээр талбай, бүх зүйлтэйгээ Оюу толгойд шилжинэ, тэгээд тэр нь 100 хувь болно, харин үүний 34 хувь нь хуулийн дагуу Монголын талд ногдоно гэж ойлгосон. Зөв үү? гэхэд сайд Д.Ганхуяг “Ойлголт нэг байна. Харин хэрэгжилт, үр дүн өнөөдрийн байдлаар тэс өөр болоод байна. Юу гэвэл Ivanhoe Mines, Оюу толгойl компаниас хэлснээр Entree Gold талбай болон талбайд буй нөөцийг эзэмшиж байгаа юм. Лиценз нь ийм байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт нөөцийн 34 хувь байх ёстой бол 70-80 хувийнх нь 34 хувь болоод байгаа юм. Үүнээс ямар асуудал үүсэх вэ гэхээр Entree Gold компанийн хайгуулын лицензийг Оюу толгой компанид ашиглалтын лиценз болгон шилжүүлнэ гэж энэхүү гэрээнд заасан. Лицензийг шилжүүлэх явцдаа тухайн үеийн кадастр, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тэр 20, 30 хувь нь өөр компанид очихоор болсон байгаа. Энэ нь хууль зөрчсөн асуудал. Хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх гэж найдаж байна.” гэсэн хариултыг өгсөн.
Тэгэхээр Entree Gold компани хууль зөрчиж байгаа хэрнээ бүх зүйл Монгол Улсын хуулийн дагуу байгаа гэсэн тайлбарыг албан ёсоор итгэлтэйгээр хийгээд байдаг. Д.Ганхуяг сайдын хэлж буйгаас үзэхэд тэдэнд ингэж хэлэх эрхийг тухайн үеийн гээд байгаа кадастр, төрийн захиргааны төв байгууллагын нөхдүүд нь олгосон болж таарч байна.
Ямартай ч Хойд Хюгогийн Хойд үргэлжлэл болон Херуга ордууд нь яах аргагүй Оюутолгой төслийн нэг хэсэг. Гэтэл яах аргагүй өөр компанийн мэдэлд байгаад байдаг.
Хойд Хюгогийн Хойд үргэлжлэл орд нь Оюу Толгойн хойд хэсэгт байрладаг аж. Харин Херуга орд нь 23 км үргэлжлэх Оюутолгой трендийн урд үзүүрт байрлах бөгөөд алтны хүдэржилтээр баялаг порфирийн зэс-молибдений орд аж. Тэрчлэн аль аль нь Оюутолгой төсөлтэй хамтарсан үйл ажиллагааны хэсэгт байрлах бөгөөд Хойд Хюго Үргэлжлэл орд нь Оюутолгойн уурхайн хөгжлийн үндсэн төлөвлөгөөт төсөлд хамрагддаг юм байна.
Энэ хоёр ордыг эзэмшигч Entree Gold-оос гаргасан мэдээллээс үзэхэд:
Хойд Хюгогийн Хойд үргэлжлэл орд (Шивээ Толгой ашиглалтын лиценз) далд аргаар ашиглах геологийн нийт нөөц хүдрээр 290,000,000 тонн, зэсээр 3,490,000 тонн, алтаар 108 тонн, мөнгөөр 882 тонноор. Үүнээс үр ашигтай ‘B’ нөөц хүдрээр 94,000,000 тонн, зэсээр 1,830,000 тонн, алтаар 63 тонн, мөнгөөр 451 тонн, үр ашигтай ‘C’ нөөц хүдрээр 16,000,000 тонн, зэсээр 260,000 тонн, алтаар 8 тонн, мөнгөөр 63 тонн, тодорхой нөхцөлд ашигтай ‘B’ нөөц хүдрээр 44,000,000 тонн, зэсээр 360,000 тонн, алтаар 9 тонн, мөнгөөр 96 тонн, тодорхой нөхцөлд ашигтай ‘C’ нөөц хүдрээр 136,000,000 тонн, зэсээр 1,040,000, алтаар 28 тонн, мөнгөөр 271 тонныг тогтоосон аж.
Харин Херуга (Жавхлант ашиглалтын лиценз) ордын далд аргаар ашиглах геологийн нийт нөөц хүдрээр 1,417,000,000 тонн, зэсээр 5,290,000 тонн, алтаар 568 тонн, молибденоор 157,000 тонн, мөнгөөр 1,959 тонноор. Үүнээс үр ашигтай ‘C’ нөөц хүдрээр 565,000,000 тонн, зэсээр 2,530,000 тонн, алтаар 269 тонн, молибденоор 81,600 тонн, мөнгөөр 867 тонн тодорхой нөхцөлд ашигтай ‘C’ нөөц хүдрээр 852,000,000 тонн, зэсээр 2,760,000 тонн, алтаар 299 тонн, молибденоор 75,500 тонн, мөнгөөр 1,092 тонныг тогтоосон гэжээ.
Тэгэхээр Оюутолгой төслийн 34 хувь цаасан дээр бол бидний мэдлийнх. Харин газар дээр бол тэс өөр байдалтай байж байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )