Хятадад юу болоод байна вэ? Саяхан арваад иргэнээ Бээжингийн төв тайлбайд эрх баригчдаа эсэргүүцсэнийх нь төлөө баривчилж хатуу ял тулгаад байна. Үүнээс улбаалан одоо төр засгийнхаа эсрэг үг хэлсэн тэрс үзэлтнүүдээ ээлж дараалан баривчлах кампанит ажил зохион байгуулж эхэллээ. Хятадын удирдагчид Африкийн хойд хэсэг, Ойрхи Дорнодод болж буй үймээний халдвар орж ирэхээс ихээхэн болгоомжилж байгаа бололтой. Сүүлийн жилүүдэд болоогүй олон баривчилгаа явагдлаа гэж ажиглагчид үзэж байна.
Ардчиллын төлөө цогтой тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт Лю Сяо Бог хорионд оруулаад нэлээд хэдэн жил өнгөрч байгаа бөгөөд энэхүү баривчилгааны үеэр бас түүнийг ч улам чангалсан гэнэ.
Харин өнгөрөгч долоо хоногт тус улсын Ерөнхий сайд Вэн Зя Бао олныг алмайруулсан мэдэгдэл хийв. Тэр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдэлж, сөрөг хүчнийг харгисаар нухчин дарах”-ыг буруушаасан байна. Мөн “Үнэнийг хэлэхийг би дахин онцолмоор байна. Иргэддээ үнэнийг хэлэх бололцоог олгох ёстой. Засгийн газар ард түмний хүсэл сонирхолтой нийцэх ёстой. Бид иргэдийн санал бодлыг сонсох ёстой” гэсэн нь Хятадын коммунист удирдагчид дундаас анх удаас гарсан аймшиггүй “эсэргүү” үг байлаа. Гэхдээ гадаадын зарим ажиглагчид түүний энэ үгийг тайлбарлахдаа “Хятадын засгийн газар тааруухан ажилласан тул ингэж ярьж байна” гэсэн юм. Юутай ч өмнөд хөршид маань ардчиллын үнэр ханхалж, урин салхи сэвэлзэж эхлэв бололтой.
Харамсалтай нь Хятадын коммунистууд түүний бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусмагц Лю Сяо Бо шиг барьж аваад бүх насаар нь шоронд хорино, эсвэл цаазална. Ийм тохиолдолд ард түмний өргөн бослого хөдөлгөөн юунд ч дийлдэшгүйгээр өрнөх магадлалтай юм.
Хятадын ардчилагчдад санаа тавихын учир нь энд бидний эрх ашиг хамт яваад байна. Хэрвээ ингэж Хятадын ард түмэн эрх баригчдаа буулгаж авсан нөхцөлд Хятад улс задарч 10 гаруй тусгаар улс болж ч мэднэ. Нэгэнт сад тавьсан их хөдөлгөөн өрнөвөл Хятад улс бол харин ч нэг дайтах байлгүй. Энэ хэдэн лалын орны босогчдын дэргэд хэдэн арван саяараа босно. Тэр үерийн ус шиг их давалгаа Монголын хилээр хүч түрэн орж ирвэл яана вэ. Энэ бол зөвхөн одоогийн нөхцөл байдлаас хийсэн таамаг төдий зүйл. Гэвч бидэнд маш ойрхон эрсдэл. 1.2 тэрбум хүний нэг хув нь Монголыг арчих аюултай. Эртнээс “хужааг” ад үздэг, хятадчилах бодлогыг хэдэн үеэрээ эсэргүүцсэн ард түмэн юм чинь манайхан хөөж, тэмцэж таарна. Төр засгийнхан хятадыг харж үзэх үү, монголчуудаа өмөөрөх үү гэсэн ацан шалаанд орно. Хятадад элэгтэй, эрлийз хурлийз угшилтай дарга нар, хятадуудын мөнгөөр бизнес хийж хөлжиж байгаа хэдэн компанийн захирлуудад л том олз болно доо. Ер нь таахад бэрх үйл явдлууд өрнөх биз ээ. Муу үг, билэггүй “таавар” ярилаа гэж уншигч та бүү ундууцаарай. Хятадад ардчилагч хүчин нь толгойгоо нэгэнт өндийлгөөд ирлээ. Тэндхийн нийгмийн эмх замбараагүй байдал хаяа зэргэлдээ “жижигхэн” Монголд сайнаар бус муугаар нөлөөлнө гэдгийг л сануулах гэсэн хэрэг. Э.Бат-Үүл 2008 оны сонгуулийн өмнө “Монголоор дүүрэн хятадууд ороод ирчихсэн байлаа” хэмээн “зүүдэндээ” олж харснаа өгүүлсэн байсан. Ёр муутай, ёж үгтэй Баабар ч бас хятадчилагдсан монголынхоо талаар бичсэнийг уншигчид санаж байгаа байх. Хятадад иргэний ардчиллын их тэсрэлт болбол үнэндээ бидэнд сайн юм авчрахгүй. Тэгэхээр Лалын ертөнцөд өрнөж байгаа хувьгалын гал Хятадад битгий оч хаячаасай билээ хэмээн залбирч суухаас яахав.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Орос улс шиг задарч болзошгүй бидний ах дүү өв монголчууд л лав дуртайяа дэмжих нь магад
Банга гийн номонд Юу гэж байсан юм болдоо. Билэггүй л яриа байна.
Манайтай адилгүй хятдын төр чангадоо.