Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн VI хуралдааныг манай талын санаачлагаар энэ сарын 6-ны өдөр хийсэн билээ. Хуралдаанаар Монголын талын төлөөлөгчдийн зүгээс хувь нийлүүлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд өнөөг хүртэл хуримтлагдсаар ирсэн, улмаар Хувь нийлүүлэгчдийн энэхүү VI хурлаар зайлшгүй шийдвэрлэх, нягтлах шаардлагатай 6 томоохон асуудлыг хөрөнгө оруулагч талд тавьсан нь:
1. Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил
2. Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт
3. Төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт
4. “Антре гоулд”-ын эзэмшилд буй тусгай зөвшөөрөл
5. Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт
6. Менежментийн үйлчилгээний төлбөр зэрэг юм.
Мөн Монголын талын хувь нийлүүлэгчийн зүгээс энэ удаагийн Хувь нийлүүлэгчдийн хурлаас ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч шийдвэрлүүлэх Оюутолгой ХХК-ний дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх удирдлагын түвшинд Монголын талын оролцоог хангах, Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Төслийн санхүүжилт (Project Finance), Монголын банк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх зэрэг 13 асуудлыг хөндөж тавьсан. Засгийн газрын шийдвэрээр хуулийн болон санхүүгийн зөвлөхөөр баруунд их, дээд сургууль төгссөн, Монгол Улсын иргэнийг авч ажиллуулах шийдвэр гараад байна.
Харин хөрөнгө оруулагч талын зүгээс Оюутолгой төслийн санхүүжилтийг эхний ээлжид батлуулах санал тавьсан.
Талууд Хувь нийлүүлэгчдийн VI хурлаар хоёр талаас хөндөгдсөн асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, нэг бүрчлэн нарийвчлан тодруулах, нягтлахаар болж хуралдааныг түр завсарлуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )