Уул уурхайн яам, Шинжлэх ухааны академи хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Уул уурхайн яам, Шинжлэх ухааны академи хамтран Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гар үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн геологийн зураглал, эрэл, хайгуулын ажилд зарцуулж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлэх, геомэдээллийн санг баяжуулах, эрдэс баялгийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг дэмжих асуудал тусгагдсан. Түүнчлэн нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд 2016 онд нийт нутаг дэвсгэрийн 40 хувийг хамруулах талаар заасан байгаа.

Хоёр тал Геологи, уул уурхайн салбарын бодлого, эрхзүйн баримт бичиг боловсруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Монгол орны геологийн тогтоц, ашигт малтмалын тархалт ба байршлын ерөнхий зүй тогтлыг судлах, геологи, уул уурхайн салбарыг цаашид хөгжүүлэн, шинжлэх ухааны үндэслэл сайтай судалгаанд түшиглэн бодлого боловсруулахад үндэсний эрдэмтэдийн чадавхийг дайчлан, тодорхой чиглэлээр хамтран ажиллахад гэрээний зорилго оршиж байгаа болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top