Франц улсын Геологийн албаны Худалдаа, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Филипп Гомберт тэргүүтэй төлөөлөгчид АМГ-ын даргын урилгаар манай оронд хүрэлцэн ирээд байгаа юм. Тэгвэл эдгээр эрхмүүдийг АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд нар хүлээн авч уулзсан байна. Тэд хоёр орны геологийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал бодлоо солилцжээ.
АМГ болон Франц улсын Геологийн алба хамтран “Геологийн мэдээллийн санг дэвшилтэт технологи ашиглан олон улсын түвшинд хүргэх”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын тогтоох хамтарсан судалгаа хийх”, “Монгол орны гүний халуун усыг судлах” зэрэг хэд хэдэн төслийг хэрэгжүүлэх боломжтой байгааг хоёр тал дурдаад манай талаас Монгол улсын геологийн салбарын боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх талаар хамтран ажиллах санал дэвшүүлснийг францын тал нааштайгаар хүлээн авчээ.
Тус улсын Геологийн алба нь 1997 оноос Геологийн мэдээллийн төвтэй хамтран ажиллаж сансраас авсан зураг ашиглан геологийн зургийн дүрс боловсруулах төв байгуулан манай талд хүлээлгэн өгсөн, түүний үр дүнд франц, монголын мэргэжилтнүүд хамтран ажиллаж сансрын тоон зургийг ашиглан манай улсын нутаг дэвсгэрийн зарим хэсгийн геологийн зураг зохиосон нь томоохон талбайд бага зардлаар геологийн судалгааны ажлыг тэргүүний дэвшилтэт технологи ашиглан хийсэн явдал болсон гэдгийг уулзалтын явцад тодотгож байлаа. Цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа сэргээн шинэ шатанд гаргахаар санал нэгдэв.
Сэтгэгдэл ( 0 )