Пикассогийн аугаа их хайр 41,5 сая доллароор үнэлэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

“Би хэзээ ч олохгүй учраас эрэлхийллээ зогсоохгүй” Пабло Пикассо

Нью-Иоркийн урлагийн арилжааны ”Sotheby”s” биржийн ээлжит дуудлагын худалдаагаар Пикассогийн 1932 онд зурсан “Алтан зул цэцэгтэй натюрморт “зураг нь 41,5 сая доллароор зарагдсан тухай” Agence France-Presse” мэдээлсэн билээ.

Энэхүү зурагтаа Пикассо амьдралынхаа хагас зуун  жилийн турш ил, далд хайр сэтгэлийн холбоотой байсан Мари-Тереза Вальтерийг дүрслэн үзүүлсэн байдаг.

XX зууны Испаний  суут зураач Пабло Пикассо/1881-1973 / олон зуун  зургаа  хүн төрөлхтөнд  мөнхлөн үлдээсэн шигээ өөрөө 91 насыг насыг зооглож чаджээ.

Пикассо амьдалынхаа  туршид  2О 000  зураг зурж амжсан бөгөөд  түүний албан  ёсоор зарагдсан зургууд нь  262 сая долларын  үнэд хүрсэн баримт байна.

2010 оны  5сарын 4 –ны өдрийн  “Кристис” урлагийн биржийн ээлжит  арилжаагаар Пабло Пикассогийн зурсан  “Нүцгэн бүсгүй, ногоон навчис, цээж хөрөг “ зураг 106 482 000 долларийн үнэ хүрсэн нь өнөөдөр манай дэлхийн  хамгийн өндөр үнэтэй зураг юм.

Пабло Пикассо 2009 онд  “The Times” сонины санал  асуулгаар 1,4 сая уншигчийн саналаар  “Зууны шилдэг зураач “-аар шалгарч  байсан юм.

Тэрээр амьддаа алдар гавьяаныхаа титмийг атгаж чадсан цөөхөн зураачийн нэг боловч урлаг хайр дурлалаа  огтхон ч салгаагүй нэгэн билээ.

Пабло Пикассо урлан бүтээх арга хэлбэрээ өөрчлөн солих бүрт түүний эхнэр юмуу нууц амрагууд,найз нөхөд, гэр орон, тэр битгий хэл тэжээмэл нохойгоо ч сольсоор иржээ.

“Би хэзээ ч олохгүй учраас эрэлхийллээ зогсоохгүй” гэж үздэг алдарт зураач хайр дурлалын эрлээ ч насан туршдаа эрхэмлэсээр ирсэн юм.

1927онд Пикассо нэгэнтээ метроноос гарч яваад шаргал үстэй 17 настай охины гоо үзэсгэлэнг  харуут биширчээ.Тэгээд түүнд хандан “Би Пикассо байна.Хоёулаа жинхэнэ гайхамшгийг хамтдаа бүтээе” гэж эрс шийдэмгий хэлжээ.

Мари-Тереза Вальтер тэр үед урлаг,уран зураг огт сонирхдоггүй.Пикассо гэж хэн байдгийг сонсоогүй байсан ч зураачийн өөртөө төгс итгэлтэй чанарт нь аргагүй татагдсан байна.

Чухам энэ үеэс түүний Орос эхнэр Ольга Хохлова, Мари-Тереза Вальтер нарын мөнхийн зөрчил эхэлсэн юм. Пикассо амралтын өдрүүдээ эхнэр,хүүхдүүдтэйгээ өнгөрөөх боловч цаг ямагт Мари-Тереза Вальтертай болздог байжээ.

Алдарт зураач Маритай байхдаа жинхэнэ цэнгэлийг эдэлдэг байв.1974 онд нэгэн сурвалжлагч Мари-Тереза Вальтераас Пикассо хэрхэн  ажилладаг байсан талаар асуухад “Тэр эхлээд эмэгтэй хүнийг хэн байхаас нь үл шалтгаалан  хүчинддэг.Харин  дараа нь зургаа зурдаг”гэж хариулсан байдаг.

1935 он хүртэл Пикассо, Ольга Хохловатай амьдарч байхад ч Мари-Тереза Вальтер ямагт хамт байж уран бүтээлд нь дүрслэгдсээр байсан төдийгүй зураачийн охин Майяг төрүүлж өгчээ.

 Юугаар ч гачигдахын зовлонгүй  91 наслан бурханы оронд зорихдоо тэрээр “ Хорвоо дэлхийд надад  дутуу дулимаг юм огтхон ч алгаа. Харин  хэзээ ч бийрээ дахин гартаа барихгүй. Ялдам сайхан бүсгүйг  дахин тэврэхгүй  гэдэг л харамсалтай байна “ гэсээр амьсгаа хураасан  гэдэг.

Пикассог 1973 оны 8 сард сүүлчийн замд үдэхэд нь уригдаагүй нэг ач нь 3 сарын дараа хор ууж нас баржээ.1975 онд хүү Паола нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэний улмаас 54 насандаа таалал төгсжээ.

Үүнээс яг хоёр сарын дараа алдарт зураачтай 50 жил нэр холбогдсон Мари-Тереза өөрийгөө дүүжилсэн бол Пикассотой эцсийн мөчийг нь хүртэл хамт байсан Жаклин Рок 1986 онд өөрийгөө буудан амиа хороожээ.Суут хүний үхэл ч нэхэл хатуу ажээ.

М.Мишээл

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top