Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2 дахин буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоногийн  лхагва гариг бүрт    мэдээлэл  хийдэг уламжлалаар   Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл өгч,   асуултанд нь хариуллаа.

Уул уурхайн салбарын  аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүнд эзлэх хувь 2008 онд 56 хувь байсан бол 2012 онд 67 хувь болон өсчээ. Монгол улсын экспортод гаргаж байгаа бараа бүтээгдхүүний 91,3 хувийг уул уурхайн салбарын бүтээгдхүүн эзэлж байна.  Салбарын гол нэрийн бүтээгдхүүн болох төмрийн хүдрийн олборлолт тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны тоон үзүүлэлтээр 5,2 сая тонн төмрийн хүдэр олборлосон бол 31,1 сая тонн нүүрс олборлож 20,5 сая тонныг экспортлосон байна. 2010-2012 онуудад жилдээ 1,070-1,610 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бол 2013 онд 630 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 2013 оны хөрөнгө оруулалтын бууралт нь Оюутолгойн төсөлтэй шууд хамааралтай гэж сайд тайлбарлаж байна. Гэхдээ 2013 оны хоёрдугаар улиралд газрын тос боловсруулах болон  цахилгаан станцууд, баяжуулах үйлдвэрүүдийн ажил эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэлээ. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ багассаар байна. Сүүлийн таван жилд хайгуулын тусгай зөвшөөрөл 4111-ээс 2239 болж буурсан үзүүлэлт гарчээ.   

Шатахуун хангамжийн нэг эх үүсвэрээс ангижрахын тулд гуравдагч орнуудтай хангамжийн талаар ярилцаж, тодорхой үр дүнд хүрч байна. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдхүүний үнэ зах зээлийн үнээс өндөр буюу өрсөлдөх чадвар сул байгаагаас сард нийлүүлэх шатахууны 50 орчим хувийг өөр эх үүсвэрээс нийлуулж байна.  Швейцари, БНСУ, БНХАУ-аас авч байгаа шатахууны үнэ Роснефть компанийхаас  тонн нь 100- 200 доллараар хямд байгаа юм. 3 дугаар сарын 19-нд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг БНХАУ-ын компанитай гэрээ хийж, энэ сард авах 10 мянган тонн шатахууныг 150 доллароор хямд үнээр авах болсон байна гэж   Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top