Монголын Геологи, Хайгуулчид чуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

“Монголын Геологи, Хайгуул – 2013” олон улсын чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтад  Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үгийг хүргэе.

ЭРХЭМ ХҮНДЭТ ГЕОЛОГЧИД, ХАЙГУУЛЧИД АА!

Монгол улсын геологи, эрдэс баялгийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран уламжлал болгон зохион байгуулж, 5 дахь жилийн нүүр үзэж байгаа “Монголын геологи, хайгуул” олон улсын чуулга уулзалтыг тохиолдуулан Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн яам үйл ажиллагаа, стратеги, зохион байгуулалтын хувьд бүтцийн өөрчлөлт хийн ажиллаж байна. Уул уурхайн яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд геологийн салбарыг хөгжүүлэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах мөн салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, ялангуяа олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр тусгасан билээ.

Монгол Улсад Геологийн алба албан ёсоор үүсгэн байгуулагдан өдгөө 70 гаруй жил болж байгаа хэдий ч бидний өмнө хийж, бүтээх нөр их ажил байсаар байна. Тухайлбал, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, баримт бичгүүдийг даяарчлал, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг уялдуулан холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага байна. Монголын геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох талаар салбарын төрийн бус байгууллага, ахмад мэргэжилтнүүд, эрдэмтэдтэйгээ хамтран ажиллаж байгааг дурьдахад таатай байна.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр өсөн нэмэгдүүлэхээр судалгааны олон шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Тухайбал зөвхөн 2013 оны хувьд 7 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт тусгасан нь сүүлийн 20 гаруй жилд байгаагүй үзүүлэлт болсон гэж үзэж болно.

УИХ-аас 2008 онд батлан хэрэгжүүлж буй “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын стратегийн зорилтын хүрээнд Монгол улсын хэмжээнд геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын ажлыг өргөжүүлэн, олсон амжилтаа улам бататган, цаашид хөгжүүлнэ гэж найдаж байна. Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуулын ажил эрчимтэй явагдаж, эрдэс баялгийн нөөц өсөн нэмэгдсээр байгаа нь геологич, хайгуулчин Та бүхний ажлын үр дүн, гавьяа билээ.

Геологи, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын болон зохицуулалтын эрх зүйн орчинг улам боловсронгуй болгон сайжруулах, хэрэгжилтийг хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гадаад, дотоод зах зээлийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд тулгуурлан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зэрэг шаардлага тавигдсаар байна.

Монгол Улсын эрчимтэй хөгжлийн тулгуур, голлох хөдөлгөх хүч болохын хувьд геологи, эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийг хангах үйлсэд Та бүхэн илүү чармайлт гарган, Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монголын геологчид Та бүхний эх орноо танин мэдэх чин хүсэл, эрэл хайгуул ололт нээлтээр дүүрэн байж, амьдрал, ажил үйлст нь улам дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэхийн хамт “Монголын геологи, хайгуул - 2013” үйл ажиллагаанд амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top