“Монгол улс ба БНХАУ-ын хилийн дагуух бүсэд 1:1 000 000-ын масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох” төсөл дуусчээ. Тиймээс дууссаныг нь баталгаажуулах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Санамж бичигт монголын талаас агентлагийн Геологийн албаны дарга Д.Болд, хятадын талаас БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын орлогч дарга Миао Пейжин нар гарын үсэг зурав.
Геологийн албаны дарга Д.Болд хэлэхдээ “Манай хоёр орны геологийн салбар дахь хамтын ажиллагааны нэг том илрэл нь энэхүү төсөл боллоо. 2007 оноос эхэлж таван жил үргэлжилж амжилттай хэрэгжсэн энэ төслийг ажил хэрэг болгоход оролцсон бүх геологчиддоо талархлаа илэрхийлж байна. Ялангуяа БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын удирдлага, мэргэжилтнүүдэд дахин талархлаа дэвшүүлж байна. Бидний хамтын ажиллагаа хойшид улам өргөжнө гэдэгт бид итгэж байна.” гэж онцлон дурдлаа.
БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын орлогч дарга Миао Пейжин хариу үг хэлэхдээ “Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж оролцсон монголын геологчид түүний дотор Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдэд баярлалаа гэж хэлж байна.” гэж өгүүлсэн.
Монгол улс, БНХАУ-ын хилийн дагуух 15 хавтгайг хамруулан хийсэн “Монгол улс ба БНХАУ-ын хилийн дагуух бүсэд 1:1 000 000-ын масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох” төслийн хүрээнд хоёр улсын хилийн дагуух бүсийн геологийн, тектоникийн болон ашигт малтмалын 1:1 000 000-ын масштабын зургууд, тэдгээрийн тайлбар бичгүүдийг боловсруулжээ.
Ёслолын ажиллагааны үеэр энэхүү төслийг хэрэгжүүлэхэд өндөр идэвх зүтгэл гарсныг нь нь үнэлж БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын орлогч дарга Миао Пейжинийг “Монголын геологи-70” жил, Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн захирал, академич О.Төмөртогоо, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Оролмаа нарыг “Уул уурхай-90 жил” медалиар шагнав.
Сэтгэгдэл ( 0 )