Оюу толгой компанийн Баяжуулах үйлдвэр болон Савлах цехийн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авчээ. Баяжуулах үйлдвэрийн барилгын ажил 2010 оны 6 дугаар сард эхэлж, өнгөрсөн оны 10 дугаар дууссан байна.
Оюутолгой компанийн захиалгаар БНХАУ-ын СМТСС компани гүйцэтгэсэн уг байгууламж олборлосон хүдрийг баяжуулж, алт зэсийн агууламж бүхий баяжмал үйлдвэрлэх зориулалттай. Зэсийн баяжмал боловсруулах хамгийн сүүлийн үеийн техник, технологийг энэ үйлдвэрт нэвтрүүлсэн гэж танилцуулж байв. Баяжуулах үйлдвэрийн барилга нь цутгамал төмөр бетон суурьтай металл каркасан хийцтэй. Барилгын үндсэн даацын хийц бүтээцүүд нь ган багана, дам нуруу, хөндлөн болон хөшүүн холбоосуудаас бүрдсэн байна. Үйлдвэр эхний ээлжинд ил уурхайгаас хоногт 70 000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм байна.
Улсын комисс хүлээж авсан удаах барилга нь Баяжмалын үйлдвэрийн савлах цехийн барилга. Энэхүү байгууламжийг 2011 оны 10 дугаар эхэлж, 2012 оны 11 сард дуусгажээ. Баяжмал савлах цех нь нунтагласан баяжмалыг савалж ачих зориулалттай. Уг барилга нь металл багана, металл дам нуруу С хэлбэрийн ханын бүслүүр, угольник, прогон, өндөр бат бөхтэй боолт ашиглан хийсэн байгууламж байв.
Эдгээр барилгын ажлын чанар, аюулгүй байдал, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай журнал, зохиогчийн хяналтын явцад өгсөн шаардлага зөвлөмж, барилгын зураг төсөл холбогдох норм, дүрэм, стандартын шаардлага хангасан байдал зэрэгтэй улсын комиссын гишүүд танилцаж дээрхи байгууламжийг ашиглалтанд хүлээн авах боломжтойг хуралдаанаараа шийдвэрлэлээ.
Комиссын бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын зураг төслийн байгууллагын төлөөлөл багтав.
Сэтгэгдэл ( 1 )