Саусгоби сэндс компанийн зүгээс өөрсдийнх нь үйл ажиллагаа олон зуун Монгол айл өрхийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг үргэлж санан ажилладаг хэмээн мэдэгджээ. Ер нь бол уран үгсийг унагах дуртай газар л даа. Ямартаа л Монголын хөрсөн доорх эрдэс баялгийг шинэ ажлын байр, улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн тогтвортой хөгжил рүү хөрвүүлэхийн төлөө ажиллаж байгаа хэмээн өөрийгөө магтаж явсаар байгаад нэг л мэдсэн өмнийн говийн орд газруудыг өмнөд хөршийн төрийн өмчит компанид дамлах гэж байсан нь илэрч байхав. Сайн сайхны төлөө бус Монголын нэрийг ашиглаж мөнгө хийх аянд мордчихсон л байсан байж таараад байдаг. Тэгээд чамгүй асуудал үүсээд тэдний эзэмшлийн лицензүүдийг түдгэлзүүлээд байсан. Гэхдээ одоо бол тэр бүхэн ард үлдээд. Нөхдүүд эргээд ирсэн. Овооттолгойн нүүрсний уурхайгаа өнгөрөгч сарын 22-ны өдөр дахин нээснээ зарласан. Компанийн зүгээс бол Овооттолгой уурхайн үйл ажиллагаа зогссон учир шалтгааныг дэлхийн нүүрсний зах зээлийн таагүй нөхцөл байдалтай холбон ярьдаг.
Уурхайн үйл ажиллагаа өнгөрөгч оны 6 дугаар сарын сүүлчээс хойш бүрэн зогссон байсан бөгөөд энэ хугацаанд компани нь зах зээлийн шинэ нөхцөл байдалд тохируулан бүтцийн өөрчлөлт хийх, Монгол Улс дахь үйл ажиллагаагаа бэхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэнэ. Цаашид үйл ажиллагааг хэсэгчилэн эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа ч мэдэгджээ. Хэдийгээр зах зээлийн нөхцөл байдал бүрэн сайжраагүй байгаа ч, ирээдүйд үүсч болох зах зээлийн аливаа өөрчлөлтөд цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлэхийн тулд нүүрсний эргэлт, борлуулалтыг анхааралтай удирдах болно гэсэн байгаа юм. Тэгэхээр эдний хувьд бол дэлхийн зах зээл гэдэг буруутнаас болоод л үйл ажиллагаа нь хаагджээ.
Гэтэл хэрэг дээрээ манай улсын хуурь дүрмийг зөрчсөнтэй холбогдож л таардаг. Шүүхээс ял сонссон АМГ-ын дарга асан Д.Батхуяг “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын болон ашиглалтын таван лицензийн дөрвийнх нь эрхийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон гэх мэдээлэл бий ч, эцсийн дүндээ тэдэнтэй хариуцлага тооцох асуудал яригдахгүй бололтой. “Саусгоби Сэндс”-ийн толгой гэх Саусгоби Ресурс компанийн мэдээллээс харахад Монгол Улсын өмнөд хэсэгт орших төмөрлөгийн болон эрчим хүчний нүүрсний орд газрын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байгаа гэжээ. Монгол Улсад бүртгэлтэй, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин, өөрийн гол орд болох Овоот Толгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг Саусгоби сэндс компанийг 100 хувь эзэмшдэг юм. Компани нь Овоот Толгойн ордоос олборлосон нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлдэг.
Саусгоби Ресурс компани Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд нийт хувьцааных нь 58 хувийг Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс компани эзэмшдэг. Туркойз Хилл Ресурс нь Саусгоби компанийг 2012 оны 9-р сараас удирдах болсон бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн дээд удирдлагад өөрчлөлт оруулаад байгаа. Туркойз Хилл Ресурс компанийн ихэнх хувийг Рио Тинто эзэмшдэг юм. Тэгэхээр Оюутолгойг хөдөлгөгч Рио Тинто өмнийн говийн нүүрсний бассейныг эзэмшиж байна гэсэн үг.
Ямартай ч тус компанийн зүгээс мэдэгдэж буйгаар Овооттолгойн уурхайн үйл ажиллагааг сэргээх болсон нэг чухал шалтгаан нь тус компанийн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай шууд холбоотой гэнэ. Дээр хэлсэнчлэн компанийнх нь үйл ажиллагаа нь олон зуун Монгол айл өрхийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг үргэлж санан ажилладаг учраас л үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өөр гарцгүй л болсон болж таарах нь. Цаашид тэгээд өөрийн үйл ажиллагаа, зардлын бүтцийн төлөвлөлт, гүйцэтгэлийг улам сайжруулах бөгөөд үйл ажиллагааны бүрэн хүчин чадлаа ашигласнаар Монгол Улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын сацуу бүх хувьцаа эзэмшигчиддээ сайн өгөөжийг бий болгохын төлөө ажиллах болно хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 3 )
Byalagaa ashiglay uhaj sonoolgui amidarj bolool bsn 2050 on gehed delhiin bvh ashigt maltmal duushig bvh tom ulsuud medej bga timees manaih shig im asuudalt ulsg hurdan ashiglaad hayahig bodoj bga ted sedwichin barilgaa awaad yahad mgl uls maani irgeni daintai luiwarchid ni munguteigee gadaadru zugtsan im l um blno
odoo bid Tim medleg bolowsrolgui chadwarguin bol ene bayalagaa hadaglj l baihaas hoich maani bolowsrolt chadwart bolood
xa xa xa nuurs uxaad achidag ekskowator belaz xoyoriig mongolchuud ajilluulj chaddaggui ym l daa