Л.Эрдэнэчимэг Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд анхаарав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны гишүүд  Уул уурхайн яамны үйл ажиллагаатай танилцав. Уул уурхайн стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу Геологи, уул уурхайн салбарын бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт яамны бодлого үйл ажиллагааны талаар Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа. Уул уурхайн яамнаас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонсны дараа Байнгын хорооны гишүүд сонирхсон асуултандаа хариулт авлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Урт нэртэй хуулийн хэрэгжилт, явц байдлын талаар тодрууллаа. Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Урт нэртэй хуулиар хилийн заагт 242 тусгай зөвшөөрөл багтсан. Үүнээс 163 тусгай зөвшөөрлийн эзэмшигч нөхөн олговор нэхэмжилсэн. Үүнд 222 тэрбум төгрөг шаардагдах юм. Энэ дүнг хөндлөнгийн аудитаар баталгаажуулах шаардлагатай болсон. Учир нь энэ мөнгийг төсвөөс гаргах боломжгүй болоод байгаа юм. Ер нь, бол Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хуулийн хэрэгжилт зогсонго байдалд орсон. Мөн 66 аж ахуйн нэгж нөхөн олговор нэхэмжлээгүй тул лицензийг хүчингүй болгосон” гэсэн тайлбарыг өглөө. Уул уурхайн сайд хэлэхдээ “Урт нэртэй хуулийн асуудалд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтарч ажиллах шаардлага үүссэн. Сонгуулийн үед урт нэртэй хуулийн тусгай зөвшөөрлийн талбай буюу хил хязгаарыг нэмэгдүүлэх тогтоолыг дахин гаргасан. Тусгай зөвшөөрөлтэй талбайн зарим хэсэг хилийн гадна гарсан тохиолдол ч байна. Тиймээс энэ тогтоолд хил хязгаарыг тогтоох нөгөө талаасаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй аж ахуйн нэгжийн нөхөн төлбөрийн хэмжээг багасгах боломж бий” гэлээ.

 УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн уул уурхайн хэдэн компани байна. Нөхөн сэргээлт хийгээгүй уурхайд ямар хариуцлага тооцож байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн юм. Түүний асуултад Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү ийн тайлбар өглөө. “АМГ, БОНХЯ-тай хамтарч 20 аймгийн нутагт шалгалт явуулсан. Ингэхэд уул уурхайн эзэнгүй орхигдсон 4256 га талбай байгааг тогтоосон. Гэхдээ манай яамнаас санаачилан улсын төсвөөс 1 тэрбум төгрөг гаргаж эзэнгүй орхигдсон талбайг мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Энэ ажил цаашдаа үе шаттайгаар үргэлжилэн хийгдээд явах болно. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд 22752 га талбай уул уурхайн зориулалтаар хөндөгдсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 9100 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн. Энэ дотор 4175 га-д биологийн нөхөн сэргээлт хийгдсэн. Үлдсэн талбайд одоогоор аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа цаашдаа нөхөн сэргээлт хийгдээд явах болно ” гэлээ.

 Энэхүү уулзалтын үеэр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар яаралтай батлуулах, уул уурхайн салбарын хөгжлийг бүс нутгийн хөгжилтэй хэрхэн уялдуулж ажиллах талаар Байнгын хорооны гишүүд, Уул уурхайн яамныхантай санал бодлоо солилцлоо.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top