Рио Тинтод үл итгэх хандлага давамгайлсан үед Б.Болд тийшээ явах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Арванхоёр оны  хүлээгдэж байсан ашгийн хэмжээ нь  14 тэрбум ам.долларын алдагдалтай гарах нь тодорхой болсон учир компанийн гүйцэтгэх удирдлага Том Албанезе-ийг суудлаас нь буулгасан Рио Тинтогийн Удирдах зөвлөл Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгчийн албан тушаалд  “New com”-ын  Б.Болд гэдгээрээ харьцангуй танигдсан Монгол хүнийг томилох шийдвэр гаргаад байгаа нь яах аргагүй анхаарал татсан мэдээлэл юм.

Дэлхийн санхүүгийн томоохон байгууллагуудын нэг  “JP Morgan”-ы бүхий л салбар хэлтсүүдэд ажиллаж байсан, тэрдундаа Оросын зах зээлийг амжилттай  хариуцан ажиллаж, олон томоохон хэлцлийг хийж байсан Б.Болд одоо Оюутолгой төслийн  менежмэнтийн эрхийг эзэмшигч Рио Тинтогийн Зэсийн салбарыг удирдах болсон нь найдвар дагуулсан мэдээлэл юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болоод холбогдох асуудлуудтай холбоотойгоор Рио Тинто болоод Монголын Засгийн газрын хооронд удаа дараагийн хэлцэл хийгдэж, улмаар төслийг урагшлуулах ёстой гэсэн шийдвэрийг засгийн нөхдүүд гаргаад байгаа энэ үед Б.Болд Рио Тинтод очиж байна.

Дотооддоо бол “New com” группийн гүйцэтгэх захирал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Шинэ Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлын албыг тус тус хашиж ирсэн түүний талаар илүү тодорхой мэдээллийг харвал:

1994 онд ШУТИС-ийн КТМС-ийг үйлдвэрлэлийн менежер мэргэжлээр төгссөн тэрээр Азийн Хөгжлийн Банкны төсөлд хоёр жил ажиллаад 1996 онд АНУ явж,  Коннектикут мужийн Бриж пордын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр тухайн үед Америкт амьдарч байсан монголчуудын нэгэн адил аяга таваг угаахаас эхлээд жижиг ажил хийж байгаад сургуулиа төгссөн гэдгээ өөрөө ярьсан байдаг юм. Түүнчлэн 1998 онд “JP Morgan” банкны шалгаруулалтад тэнцэж, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах боломж олджээ. Сонирхолтой нь ажилд орохын тулд 130-аад байгууллага руу утасдаж, захиа бичсэн байна. Тэдгээрээс зөвхөн  “JP Morgan” л ажлын санал тавьжээ. Тэрээр “JP Morgan”-д ажилласан анхны монгол хүн юм.

Б.Болд эрхэм “JP Morgan”-д хэрхэн ажиллаж байсан талаараа ийн өгүүлсэн байдаг.  “ -Хөрөнгө оруулалтын банк нь компани нийлж салгах, худалдах, худалдан авах, хувьцааг нь гаргах, зээл босгох гэх мэт олон чиглэлийн үйл ажиллагаа хариуцсан хэлтэстэй. Бүх хэлтэст нь ажиллаж явсаар 2007 онд Лондонд Оросын зах зээлийг хариуцаж ажилласан. Тэнд ажиллах хугацаанд Оросын төмөр замын нэг компанийн IPO буюу хувьцааг анхдагч зах зээлд гаргаж 670 сая доллар, улаан буудайн нэг компанид 300 сая долларын хөрөнгө босгож байсан. Үүнээс гадна Оросын харилцаа холбооны МТС компанид 1.5 тэрбум долларын компани худалдан авах хэлцэлд зөвлөхөөр ажилласан. Би арван жилийн хугацаанд МВА-тэй түвшнээс нь эхлээд тус хөрөнгө оруулалтын банкны ОХУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд болон Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирлын албыг хашиж, тодорхой хэмжээний эрх мэдэл, нөлөөтэй ажиллаж байлаа.

-Тийм зүйлийг сайн хийж сурчихсан гэвэл даруу биш болох байх. Миний хувьд гэрээ хэлцэл, компанийн үнэлгээ, хувьцааг хэрхэн арилжих талаар дагнан ажиллаж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Хөрөнгө оруулалтын банкны ажилтан бол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, харин хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлийн нарийн зүйлүүдэд зөвлөгөө өгдөг юм. “JP Morgan” нь “Эрдэнэс Таван толгой”-д зөвлөгөө өгч байсан, “Монголиа майнинг корпэрэйшн”-ий хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид гаргахад голлох үүрэг гүйцэтгэсэн компани шүү дээ.” хэмээн ярьж байсан.

Тэгэхээр хуримтлуулсан туршлага, чадварын хувьд нэгэнтээ өөрийгөө тодорхой харуулсан ийм хүн Англи улсад төвтэй, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто плс болон Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто лимитэд компаниудыг нэгтгэсэн олон улсын тэргүүлэх уул уурхайн группийн Зэсийн салбарыг удирдахаар болж байгаа нь таатай мэдээ юм. Мөн нөгөө талаас Оюутолгой төслийн ирээдүйтэй холбоотойгоор Рио Тинтод үл итгэх хандлага давамгайлж байгаа энэ үед тэр тийшээ очиж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Э.Болорхажид

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top