Уул уурхайн яам, АМГ-ын газрын зарим нэг албан тушаалд мэргэжлийн бус хүн тавьсан гэх мэдээлэл гараад байгаатай холбогдуулан Уул уурхайн яамны зүгээс тайлбар өглөө. Уул уурхайн яамны батлагдсан орон тоо 62 байхаас шаардлагатай сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлан томилгоог Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хийсэн гэв.
Ашигт малтмалын газар 170, Газрын тосны газар 114 ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж.
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сайдын зөвлөхөөр мэргэжлийн бус хүн тавьсан гэх мэдээллийн тухайд яамдын ТНБД-ыг Засгийн газрын тухай хуулийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлдөг. Төрийн албаны зөвлөл удирдах албаны сонгон шалгаруулалтыг зарласан. Р.Жигжид энэхүү сонгон шалгаруулалтад тэнцэн Засгийн газрын хуралдаанаар орж хуулийн дагуу томилогдсон гэлээ.
Уул уурхайн сайд ажлын албаны болон мэргэжлийн гэсэн хоёр зөвлөхтэй. Ч.Түмэнбаяр нь 2009 оноос УИХ-ын гишүүний зөвлөхийн ажлыг, Шинэчлэлийн Засгийн газар байгууллагдснаас хойш Уул уурхайн сайдын ажлын албаны зөвлөхөөр ажиллаж байна Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд Уул уурхайн сайдад мэргэжлийн бус хүн зөвлөж байна гэсэн байсан. Сайдын ажлын албаны зөвлөх нь ажлын чиг үүргийн дагуу салбарын төрийн захиргааны болон харьяа байгууллагатай холбоотой асуудлаар сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, шуурхай ажлыг нь гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Харин геологи, уул уурхайн зөвлөхөөр нь геологич мэргэжилтэй, доктор Д.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. Энэ хүн сайдад мэргэжлийн талаас нь зөвлөдөг аж.
АМГ-ын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг, АМГ-ын нэгж юм. Энэ хэлтэстэй холбоотой сайн, муу хэл ам байнга гардаг. Иймээс уг хэлтсийн чиг үүрэгт тусгасан ажлыг хуулийн дагуу удирдан зохион байгуулж үр дүнд хүргэх зорилгоор Н.Чинбаатарыг АМГ-ын дарга тушаал гаргаж, энэ албан тушаалд томилсон. Тэрээр Сайдын бие төлөөлөгчөөр найман жил ажилласан. Мэргэжлээрээ ч ажилласан, мөн бизнесийн салбарт ч ажиллаж байсан. Кадастрын хэлтсийн даргын гол ажил нь тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг хариуцдаг. Тиймээс итгэл даах хүн байх нь чухал. АМГ-ын Кадастрын хэлтсийн ажил нь иж бүрэн программчилагдсан байдаг. Уул уурхайн яаманд Д.Ганхуяг сайдын садан төрлийн нэг ч хүн ажилладаггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Jinhene Mongoliin tuluu hoergvi setgeleer ajillah medleg bolowsrol setgeltei Ganhuyag said shig tsuuhun turiin tvsheedee muu vgeer bitgii utaarai tsuuhun MONGOLCHUUDAA