Онлайн парламентад 33 төлөөлөгч сонгогдож, ийнхүү ажилдаа ороод байна. Сонгогдсон төлөөллүүдийг албан ёсоор танилцуулж, нийтийн зүгээс ч санаа оноогоо хэлж байна. Ер нь бол нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрмэлзэл дүүрэн шижигнэсэн төлөөллүүдээс бүрдсэн парламент байна хэмээн ард иргэд ам сайтай байгаа юм. Тэдний дундаас Сэлэнгэ аймгийн төлөөлөгч П.Тогтохбаяртай уулзлаа.
-Онлайн парламентийн төлөөлөгчөөр сонгогдсон. Цаашдын тань ажлын төлөвлөгөө гарч байгаа байх. Таны хувьд ямар асуудлыг голчлон анхаарч ажиллах вэ?
-Онлайн парламентийн ач холбогдол нь өнөөдрийн цаг хугацаанд хамгийн их цаг үеэ олсон. Мэдээж 33 төлөөлөгч сонгогдсон байгаа. Тус бүртээ сонгогдсон тойргоо төлөөлөн ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн хувьд олон тулгамдсан асуудал байгаа. Өөрийнхөө сонгогдсон тойргийн ирэд, онлайн хэрэглэгчдийнхээ санал бодлыг сонсож, тэр бүхний гүүр нь болж ажиллана. Мөн Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг. Газар тариалан эрхлэгчдийн талаар маш олон хүн санал сэтгэгдэл өгч эхлээд байна. Ногоочид жилийн дөрвөн улирлын турш Улаанбаатар хотын хэрэгцээг хангах шаардлагатай байдаг. Үүний тулд зоорины асуудал, төвлөрөлт нэгдсэн сүлжээний асуудал, тээврийн асуудал гээд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг ард түмэн ярьж байна. Би шууд энэ асуудлыг ганцаараа шийдэж чадахгүй, шийдвэрлэхийн төлөө манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг хотын Засаг даргын тамгын газар, ИТХ зэрэг энэ бүхнээр дамжуулж саналаа дэвшүүлж асуудлаа шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Таныг Сэлэнгэчүүд яагаад сонгох болов?
-Сэлэнгэчүүд надад итгэл үзүүлж, аливаа асуудалд илүү бодитой, залуу хүн гэдэг утгаараа эрч хүчтэй, хариуцлагатай гэсэн утгаар сонгосон болов уу, энэ итгэл найдвар, санал санаачилгыг нь ажил болгохын төлөө ажиллана.
-Төлөөлөгчид хэдэн жилийн хугацаанд ажиллах вэ?
-Төлөөлөгчдийн нэгэн бүрэн эрхийн хугацаа 6 сар. Энэ богинохон хугацаанд нэг ч гэсэн ажлыг үр дүнтэй хийж, иргэдийн гаргасан санал бодолд тулгуурлан ажиллах юмсан гэсэн бодолтой явна.
-Онлайн засаглал байгуулснаар ямар үүрэг хүлээж ажиллах вэ?
-УИХ-ын гишүүн гэдэг үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн. Ард түмний элч шүү дээ. Тэр бүр иргэдэд хүрч чаддагүй, зөндөө олон асуудал гардаг. Тэр сул орхигдож буй орон зайг нөхөх зорилготойгоор Онлайн парламент бие ажиллаж байна.
-НӨАТ-ийн босгыг өөрчлөх тухай асуудал гарч олны анхаарлыг татах болсон. Иргэд ямар байдлаар саналаа илэрхийлэх вэ?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд уг хуулийн төслийг онлайнаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн. Үүнийг би зөв чухал асуудал гэдэг дээр их олзуурхаж байгаа. Босгын асуудал их яригдаж байна. 10 саяыг 200 сая төгрөг болгоё. Миний байр суурь энэ тал дээр арай өөрөөр харж байна. Яагаад гэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль гэдэг яг өнөөдрийн хувьд асар их чөдөр тушаа болж байгаа. Иргэд өөрсдөө алхам тутамдаа Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөд явж байгааг тэр бүр сайн ойлгохгүй, анзаарахгүй яваад байдаг. Тухайлбал, өнөөдөр бид машин унаад бензин аваад онцгой албан татвар төлдөг. Бид өнөөдөр гэрээсээ гараад талх худалдаж авахад нэмэгдсэн өртгийн албан татвар төлж л байдаг. Иргэд ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авсан тэр бүхэнд НӨАТ-ыг төлж л байна. Импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд ч ялгаагүй. Учир нь импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа байгууллага, аж ахуй нэгж байгууллага бүгд үнээ тогтоохдоо өөрийнхөө НӨАТ-ын үнийг шингээгээд ашгаа гаргасан үнээр бидэнд худалдаалдаг.
-НӨАТ-ын хуулийн гол зорилго нь юу вэ гэхээр аж ахуй нэгж байгууллагуудын татвараас зайлсхийх асуудлыг шийдэх зорилготой хууль юм. Яагаад гэхээр НӨАТ-ын хуулинд буцаан олголт гэдэг ойлголт байдаг.
Иргэд өөрсдөө буцаан олголт гэдэг зүйлийг ойлговол бараа бүтээгдэхүүний үнийн хямдрал, үнэтэй байгаа зүйлүүд хямдарна, ядуурал гэдэг зүйлийг энэ хуулиар хурдан өөрчилж болно. Нэг үгээр хоосон гэдэг зүйлийг маш хурдан алга болгох юм. Энэ тал дээр миний санал НӨАТ-ыг “тэглье” гэсэн саналтай байгаа. Яагаад гэвэл энэ талаар нэлээдгүй их судалгаа хийж, хүмүүсийн судалгааны материалыг харж үзэхэд боломжийн санагдсан. Хэрвээ бид НӨАТ-ыг “Тэг” болгож чадах юм бол жирийн иргэд өнөөдөр бараа бүтээгдэхүүн нь сарын хэрэглээ байсан бол хоёр дахин худалдаж авах чадвартай болно гэсэн үг. Мөн дээрээс нь баян ядуугийн ялгааг арилгаж болж байна. “Тэг”-лэхээр бидний нуруун дахь ачаа алга болох юм. Түүнчлэн буцаан олголт гэдэг асуудлыг тавиад ирэхээр иргэд очиж НӨАТ-ыг буцаан авах эртэй юм байна гэж ойлгоод эхэлвэл гаднаас импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулах авлигын асуудал илүү цэгцэрнэ.
Мөн хөрөнгийн зах зээл хөгжихөд хамгийн их хувь нэмэр оруулна. Учир нь аж ахуй нэгж байгууллагын ихэнх нь хоёр тайлантай яваад байдаг. Хэрвээ хүний нүдэнд ил байвал Монголын хэдэн компани гарч ирж хувьцаагаа арилжаалаад эдийн засгийн их өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй шүү дээ. Өнөөдөр арилжааны банкнаас зээл аваад аж ахуйн нэгж байгууллагууд эдийн засгийн хувьд тогтвортой болох асуудал хүнд. Тэгэхээр НӨАТ-ыг маш зоригтойгоор “Тэг”-ээд энэ их хүнд асуудлыг шийдэх боломжтой чухал хууль юм. Энэ тал дээр судлаач Худалдаа Аж үйлдвэрийн танхимийн татварын бодлогын зөвлөх дарга Ууганбаатар гэж хүн бий. Энэ хүн НӨАТ-ын талаар нарийн сайн судалгаа хийсэн. факттай, үндэслэлтэй, баримттай судалгаа хийсэн энэ хүмүүсийн дуу хоолойг бид, Онлайн парламентынхан сонсож, ард түмэнд сурталчилан, таниулах, энэ асуудлаар зөв шийдвэр гаргахын төлөө явж байна.
-НӨАТ-ийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг Онлайн парламентаар хэлэлцүүлэхээр болсон. Энэ талаар?
-Одоогоор тойрог тус бүрт НӨАТ-ын тухай хуулийн талаар иргэд саналаа цахим хэлбэрээр явуулж байна. Иргэдээс маш олон саналууд ирж байна. Саналуудыг онлайн парламентаар хэлэлцүүлнэ. Мөн дээрээс нь эрдэмтэн судлаач, мэргэжжлийн хүмүүсийн байр суурийг сонсох уулзалт хэлэлцүүлгийг хийхээр Онлайн Парламентын ээлжит хурлаар шийдвэрлэсэн. Эдгээр байр суурь, санал бодлыг нягтлан шүүсний эцэст шийдвэр гаргах түвшинд хүргэж бодит ажил болохын төлөө ажиллана.
Ярилцсан Ганчимэг
Сэтгэгдэл ( 2 )
NUT ni ediin zasgiin baidag khund baikhad olon ulsiin baiguullaguudiin zuvluguuguur bii bolgoson business erkhlegchded mash ikh chiregdel uchruuldag tatvar. Teglekh kheregtei