Хэнтий аймгийн онлайн төлөөлөгч Б.Отгонзул онлайн горимд үйл ажиллагаа нь явагдаж байгаа Онлайн парламентын давуу талыг хэлэхдээ “...цаг хугацааны хувьд хурдан, газар байршил харгалзалгүй холбогдох боломж, таних танихгуй нь хамаагүй хамрах хүрээ хамгийн өргөн, асуудлын хэлэлцүүлгийн явцад бүх талын үзэл бодол байр суурь илэрхийлэгдэх гэх зэрэг хамтарч ажиллаж чадвал олон бодитой үр дүн гаргаж чадна.” хэмээн тодотгож байгаа юм. Тэрээр Онлайн парламентын 3 дугаар хуралдааныг удирдан явуулжээ. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Өмнөх хуралдаанаар НӨАТ-ын тухай хууль болоод Улс төрийн намуудын тухай хуулийн талаар хэлэлцсэн шүү дээ. Тэгвэл таны удирдсан 3 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын ач холбогдлын талаар сонирхмоор байна?
-Юуны түрүүнд Онлайн парламентын талаар цөөн хэдэн үг хэлмээр байна. Нийгмийн, нийтийн санаа бодол, хандлагад бодитойгоор мониторинг хийх бололцоо Онлайн парламентын тогтолцоонд байгаа юм. Онлайн парламент гэдэг бол зөв зүйтэй санаачлага. Иргэд, сонгогчдын дуу хоолойг эрх баригчдад хүргэх гол гүүр гарц гэж харж байгаа. Манай нөхцөл байдлыг аваад үзэхэд сонгогчид нэг нөхрийг УИХ-д томилоод явуулдаг. Нөгөө гишүүн нь сонгосон хүмүүсээ ч мартчихдаг. Дөрвөн жил таг болдог, тиймээс иргэд төр засаг болохгүй нь, буруу яваад байна гэж харж, ярихад хүргэдэг.
Харин Онлайн парламентын үйл ажиллагаа улам бүр эрчимтэй явагдсанаар эрх баригчид, орон нутгийн төлөөлөгчид, засаг барьж байгаа нөхдүүдийн үйл ажиллагаа зөв зүйтэй явагдах, иргэд, сонгогчидтойгоо байнгын уялдаа холбоотой байх, санал санаачлагыг нь үйл хэрэгтээ тусгах зэрэгт ач холбогдолтой юм. Эрх баригчдын хувьд өөрсдийнхөө сэдэж, хийж, хэрэгжүүлж байгаа зүйлсээ сонгогчдодоо илүү ойртуулах, хамтарч ажиллах боломж энд харагдаж байгаа.
Бид хуралдаанаараа шинэ тутам зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааныхаа дотоод зохион байгуулалт, ерөнхий загварыг хэлэлцэж баталлаа. Миний хувьд Онлайн парламентын 3 дугаар хуралдааныг удирдаж, тус парламентаас гаргасан анхны 6 тогтоолыг баталж гаргалаа. Түүнчлэн хуралдаанаар дотоод зохион байгуулалттай холбоотойгоор Онлайн парламент хэрхэн яаж, ямар загвараар үйл ажиллагаа явуулах юм бэ. Сайн дурын үндсэн дээр нэгдэн зохион байгуулагдсан энэ бүтцэд хүн бүрийн зав боломж, бодол санааг хэрхэн тусгах вэ? Бид ямар загвараар ажиллах вэ, хаашаа хандаж юу ярих вэ гэхчлэн асуудлуудыг хэлэлцсэн. Түүнчлэн Онлайн парламентын дүрэм, хурлын дэг буюу үндсэн суурь бичиг баримтуудаа баталж гаргалаа.
-33 төлөөлөгч 3 Ажлын хэсэгт хуваагдаад байгаа шүү дээ. Ажлын хэсгүүдийн ажил хэрхэн явагдаж байна вэ?
-Тийм ээ, Улстөр, эдийн засаг, ниймийн бодлогын асуудал хариуцсан 3 Ажлын хэсэг байгуулсан. 33 төлөөлөгчдөө гурван Ажлын хэсэгт давхцалгүйгээр тэнцүү хуваан томилсон. Ажлын хэсгүүд нийгэмд тулгамдаж байгаа асуудлууд, олон нийтээс гарч байгаа санал санаачлагуудыг төр засагт хүргэх зорилготойгоор анхны асуудлуудаа хэлэлцээд эхэллээ. Тухайлбал, Эдийн засгийн ажлын хэсэг НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд хийх ажлуудыг хэлэлцэж байна. Ерөнхийдөө Ажлын хэсгүүд дор бүрнээ асуудлуудаа барьж аван, ажилдаа ороод явж байна.
- НӨАТ-тай холбоотой асуудал бол яах аргагүй чухал сэдэв л дээ. Нэр бүхий гишүүдийн зүгээс НӨАТ төлөх босго 10 сая төгрөгийн борлуулалтын орлогын хэмжээг 200 сая төгрөг байхаар тусгасан хуулийн төслийг боловсруулсан. Онлайн парламентаар ч энэ асуудал орж байна. Таны хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Эдийн засгийн Ажлын хэсгийн зүгээс УИХ-ын долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг онлайн хэлэлцүүлэгт оруулъя. Олон нийтийн олон ургальч байр сууриудыг гаргаж ирье. Ер нь ийм өөрчлөлт оруулах нь зөв юм уу, буруу юм уу. Бодит хөрсөн дээр энэ хууль хэрхэн үйлчилж байгаа юм бэ. Үүний цаана үүсээд байгаа далд эдийн засгийг яах юм бэ гэхчлэн асуудлуудыг гаргаж ирж хэлэлцэж байна.
Миний зүгээс ажиглаж байхад НӨАТ -ын падааны бизнес бий болчихсон байх жишээтэй. Дээрээс нь НӨАТ жижиг дунд аж ахуй нэгжүүдэд дарамт болж орж ирдэг. Төлөөлөгч миний хувьд үзэхэд нэгэнтээ л нийгэмд дарамт үүсгэдэг, бизнест чөдөр, уяа болдог ийм хууль байснаасаа байгаагүй нь дээр шүү дээ. Эцсийн дүндээ энэ хууль яах гэж, юунд зориулагдаж батлагдсан юм бэ? Иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, сайжруулах, шударга, ил тод нээлттэй болгоход чиглэгдэж байгаа. Эргээд нэмүү өртөг шингэсэн үндэсний баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг нь сайжруулахад дэмжлэг болох ёстой. Гэтэл өнөөдөр манайд мөрдөгдөж байгаа 10 хувийн татвар цаг үеэ олсон татвар уу? Эдийн засагт үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдэг нь асуудал болчихоод байна.
-Тэгвэл та босгыг нь өндөрсгөх гэдэг дээр юу хэлэх вэ?
-УИХ-ын долоон гишүүний дэвшүүлсэн санааг харахад тэр үеийн 10 сая төгрөг бол жижиг дунд үйлдвэрлэлийг боомилж байна. Дарамттай байна. Тэр үеийн 10 сая чинь өнөөдөр үнэ цэнэгүй болчихсоон. Тийм болохоор босгыг өндөрсгөе гэсэн санал байгаа. Миний хувьд НӨАТ-ын тухай хууль эдийн засгийн мөнгөн урсгалын бүртгэлийг баталгаажуулах, далд эдийн засгийг ил болгох зориулалттайгаар батлагдсан гэж боддог. Тэр үүднээсээ хувийн тухайд 1 хувь байхад хангалттай юм биш үү. Тэгэхгүй бол босгоор нь тавихаар 200 саяас дээш бол чадвартай компани 200 саяас доош бол чадваргүй компани гэж үзэх гээд байна. Бодит байдал дээр өнөөдөр мөнгөн дүнгийн босгоосоо илүү байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны чадвар, чансаа төрлөөс шууд хамааралтай байдаг. Өнөөдөр томоохон гүйцэтгэлтэй бизнесийн санал санаачлагууд дээр байгууллагын чадвар чансааг хардаг. Тэгэхээр НӨАТ-ын босгыг өндөрсгөснөөр эргээд олон жижиг дунд бизнесийн үүд хаалгыг хаах, боломж нөхцлүүдийг боомилох байдал үүсэх вий гэдэг үүднээс хандаж байна. Нөгөөтэйгүүр 1 хувийн татварын хувьтай болчиход том жижиггүй бүх компаниуд тэгш гараатай, ижил нөхцөлтэй байх юм болов уу гэсэн хувийн бодолтой байгаа.
-Ер нь бол онлайн төлөөлөгчид хэлэлцэж байгаа асуудлуудад хариуцлагатай хандаж байгаа нь ажиглагдаж байгаа. Үйл ажиллагаатай холбоотой өөр шинэ мэдээлэл юу байна вэ?
-Манай Онлайн парламентын эмэгтэй гишүүд бүлэг байгуулан үйл ажиллагаа явуулах шийдвэр гарсан. Хүний эрүүл мэнд, хүүхдийн эрх гээд нийгмийн олон чухал асуудлууд руу орж, зөв зүйтэй үйл ажиллагаа явуулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулна гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа.
Эцэст нь иргэддээ хандаад хэлэхэд үзэл бодлоо, санал санаачлагаа онлайн парламентынхаа төлөөлөгчдөөр дамжуулан хүчтэй илэрхийлэх хэрэгтэй шүү. Бид дор бүрнээ хувь хувийнхаа ажлаа харж, бодож явахаас гадна улс орноо хаашаа ямар чиглэлтэй явж байгааг том зургаар нь харах ёстой юм. Хөгжил гээд яриад байгаа зүйл нь бодьтой юм уу, бодьгүй юм уу. Хэтэрхий нэг талаа барьсан хөгжил харж байгаад нөгөө талдаа арилшгүй том намаг үүсгэчих вий. Олон асуудал бий учраас иргэн бүр нийгмийн хариуцлагаа хүлээн, нэг үзэл санаа, зохион байгуулалттайгаар идэвхитэй дуу хоолойгоо илэрхийлж, амьдрах цаг болсон байна гэдгийг хэлье дээ.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Болор
Сэтгэгдэл ( 4 )
Дэмжиж байна. Нэг хувийн НӨАТ бол маш зөв санал
Дэмжиж байна. Нэг хувийн НӨАТ бол маш зөв санал
Нийтээрэ нэг хувийн НӨАТийн татвартай байх нь шударга ёсонд нийцнэ
Нийтээрэ нэг хувийн НӨАТийн татвартай байх нь шударга ёсонд нийцнэ