Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн эзэмшилд байдаг Зүүн болон Баруун Цанхийн уурхай 2011 оноос бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлож эхэлсэн. Одоогоор нийт 3,5 сая орчим тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлээд байгаа юм байна. Тус компанийн ерөнхий захирал Я. Батсуурь уг гэрээ нь ашиггүй, үнийг маш доогуур тогтоосон учир зөвхөн зардлаа ихээхэн танаж байж экспортолсон нүүрсний тонн тутамд алдагдал хүлээлгүйгээр ажиллаж байгаагаа Эдийн засгийн хөгжлийн сайд болон бусад албаны хүмүүст хэлсэн байна.
Харин гадаадын хэд хэдэн компанид хуваан эзэмшүүлнэ хэмээн түрүүчийн Засгийн газрын үед шийдээд байсан Баруун Цанхийн уурхайд тус компани дотоодын туслан гүйцэтгэгч хөлслөн хөрс хуулалтын ажлыг хийж дуусаад, энэ жилдээ багтаан олборлолтоо эхлэх бэлтгэлтэй болоод байгаа аж. Я. Батсуурь захирлын хэлснээр, Баруун Цанхи нь Чалкотой хийсэн гэрээнд багтаагүй учир худалдан авагчаа чөлөөтэй сонгож, илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулж болох тул компанийн хувьд ашигтай ажиллах гол нөхцлийг бүрдүүлж байгаа гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )