-ҮНДСЭН ХУУЛЬД ТУНХАГЛАСАН ҮЗЭЛ САНААГ НЭР ДЭВШИГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ Л ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА-
Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Тантай өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр бид уулзаж ярилцаж байлаа. Өнгөрсөн хугацаанд та ямар ажил амжуулав даа?
-Тэтгэвэрт байгаа хүн юу амжуулахав. Гэртээ суугаад хэдэн хүүхдийнхээ хоол ундыг зохицуулаад, энд тэндхийн мэдээлэл сонсоод л сууж байна даа.
-Тэгвэл та улс төрийн болоод нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл ихтэй суугаа байх нь ээ?
-Аль ч улс орны хувьд Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг улс төрийн удирдлагын маш чухал асуудал. Энэ бол улс орны зам мөрийн жолоог барих хариуцлагын тухай асуудал л даа. Хэн ч гэсэн холын замд гарахдаа сайн жолоочтой, сайн тэргээр аялах юмсан гэж боддог. Түүнтэй ижил улс гүрэн ч гэсэн дөрвөн жилийн амьдралын төрийн хувь заяаг нэг хүний гарт атгуулахдаа жолоочоо шинжинэ, сорино, янз бүрээр харна шүү дээ.
Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хараад байхад хэд хэдэн онцлогтой байна. Нэг нь юу гэхээр 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуулиар сонгогчдын дийлэнх нь ардчиллынхаа сонголтыг бататгаж, АН-ын төр засгийг байгууллаа. Хэдийгээр олонхи болж чадаагүй ч гэсэн хамгийн олон суудал авсан гэдэг утгаараа эвслийн бусад хүчнүүдтэйгээ нийлээд төр барьж байна. Энэ өнгөн дээр Төрийн тэргүүнийг тодруулах сонгууль болж байна.
Хоёрдугаарт, Монгол орон ардчиллын замыг сонгосноос хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ зам дээр тохиолдож болох бэрхшээл сорилтуудын талаар өөрийн төсөөлөлтэй, түүнээс гарах, туулах арга замаа нэлээд бодож, сонгож олсон байдалтай сонгууль болж байна. Өөрөөр хэлбэл, өндөр түвшний сонгууль болж байна. Энэ талаас нь харвал өнөөгийн улс төрийн амьдрал бол нийгэм эрүүлжих, цаашид ардчиллын сонголтоо улам гүнзгийрүүлэх боломж олгох болов уу гэж бодож байна.
Ер нь нийгмийн хувьсгал гэдэг их сонин үзэгдэл. Манайхан чинь 1921 онд ардын хувьсгал хийсэн гэж ярьдаг. Тэр үед төрийг дангаар буюу улс төрийн өрсөлдөгчгүй байсан МАХН 1940 он хүрч байхад намынхаа их хурал дээр социализм яллаа гэж тунхаглаад, түүнээс хойш 1961 онд социализм бүрэн яллаа гэж хэлж байсан.
Өөрөөр хэлбэл, 1921 оноос хойш 40 жилийн дараа социализм бүрэн яллаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр нийгмийн амьдралд гарч буй том өөрчлөлтийн үр дүн бол их удаан хугацаанд боловсорч, соёолдог гэж хэлж болох юм. Яахав, ардчилсан хувьсгалын эхэн үед бол нийгэмд бужигнаан, тодорхойгүй явдал нэлээд байсан. Энэ бол жам ёсны зүйл. Харин одоо л ардчиллын үр соёолох цаг нь ирж байна даа.
-Тэгвэл эдийн засгийн хувьд ямар байна гэж харж байна вэ?
-Эдийн засгийн амьдрал нэлээд төвөгтэй байгаа. Монголын эдийн засгийн алтан үе 2006-2012 оны хооронд өнгөрч. Өнөөдөр түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өндөрт хүрлээ. Монгол орныг гадны хөрөнгө оруулагчид сонирхож байгаа. Харамсалтай нь өнгөрөгч УИХ, Засгийн газар улс үндэстнийхээ эрх ашиг, ирээдүйн даацтай хөгжлийг бодож чадахгүйгээр байгаа баялгаа үрэн таран хийж, сонгуулийн хуурамч амлалтаа биелүүлэхийн төлөө эдийн засгаа туйлдуулаад бүх гол тэнцвэрүүдийг нь буюу төслийн тэнцвэр, гадаад худалдааны тэнцвэр, төлбөрийн тэнцвэр, дотоод зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг эвдчихсэн. Энэ байдлын үр дагавар нь өнөөдөр илэрч гарч байна.
Гэхдээ бүр хүнд нөхцөлд өмнөх эдийн засгийн өсөлт удааширсан, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа, Европын эдийн засаг асуудалтай болсон үед Монголын эдийн засагт хүндрэл бэрхшээл гарч байгаа нь миний бодлоор нэлээд ноцтой зүйл гэж бодож байна. Тухайлбал, 1990 оных шиг социалист систем нурж унасны дараа яах вэ гэж зохицуулалт хэрэглэх бус одоо хямрал тохиолдоход бид яах вэ гэдэг асуудлыг тавих цаг нь болсон. Харин харамсалтай нь энэ бүхнийг сэхүүн хараад, гаднаас авсан 1.5 тэрбум ам.доллараараа жаахан туг эргэлдүүлэх шиг боллоо. Одоо харин бодолтой хандах цаг нь болсон байх аа.
-Тэгвэл таны ярианаас шинэчлэлийн гэж нэрлэгдээд буй Н.Алтанхуягийн Засгийн газар энэ бүх бэрхшээлийг даван туулах нь эргэлзээтэй гэсэн үг үү?
-Энэ Засгийн газар ажиллаж байгаа сайдууд, бүрэлдэхүүнийхээ хувьд чадварлаг Засгийн газар. Хамгийн гол нь энэ Засгийн газарт эх орноо гэсэн сэтгэлтэй, ардчиллын төлөө үзэл баримтлалтай улсууд гол нь болж байгаа. Тиймээс эд ямар ч бэрхшээлийг давах боломж бий. Хамгийн гол нь бэрхшээлийг олж харах нүд дутах вий дээ гэж болгоомжилж сууна.
Нөгөө талаас Засгийн газрын үйл ажиллагааг хараад байхад гол асуудал дээрээ анхаарлаа зангидах чадвар сул байна. Тухайлбал, 1.5 тэрбум ам.долларын бондын асуудлаар үйлдвэрлэлийнхээ олон асуудлыг шийдэж болох байсан. Гэтэл үүнийгээ үр ашиг өгөөж муутай олон салбарт цацаад хаячихлаа. Ерөнхийд нь жишиж хэлэх юм бол манай Засгийн газар их авьяаслаг, сайн дурын уран сайханчдын баг шиг болчихоод байна.
-Уг нь бол АН-ын хувьд өнөө цаг үе бол түүхэн боломж. Тийм үү?
-АН-ын хувьд хоёр дахь удаагаа төр барьж байна. 1996 онд туршлага багатай, төр барих өөрийнхөө хүмүүсийг бэлдэж амжаагүй байсан үе. Сөрөг хүчнийхээ тоглолтод автсаар байгаад, дотроо будилж, 2000 онд үндсэндээ арчигдахаа дөхсөн шүү дээ. Одоо үүнээсээ сургамж аваад нэлээд өөр түвшинд ажиллах боломжтой. Ажиллах ч биз дээ. Гэхдээ сэрэмжтэй байх нь хэзээ ч илүүдэхгүй.
-Таны бодлоор магадгүй АН-аас өөр нам, эвсэл өнөөгийн төрийг толгойлж байсан бол энэ бүх байдал хэрхэн төсөөлөгдөх байсан бол?
-Одоогийн хүндрэлтэй байдлыг үүсгэсэн голлох уран бүтээлч нь МАН юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд төр барьж байхдаа хэдийгээр хажуудаа АН-ынхныг Засгийн газарт орууллаа ч гэсэн тэднийг барьцаанд барьж, өөрсдийнхөө хуурамч амлалтыг биелүүлэхийн тулд эдийн засгийг туйлдуулсан нүгэлтэй. Миний бодоход, хэрэв АН МАН-тай нийлж төр барьсан бол байдал бүр хүнд байх байсан. Харин ч “Шударга ёс” эвсэлтэй нийлж, төр барьж байгаа нь түрүүчийн явуулсан бодлогын хүлээсэнд автахгүй, хөл, гар нь чөлөөтэй хөдөлж байна уу даа гэж бодогддог.
Ер нь өнгөрсөн хугацаанд бид бүхэн их олон эвгүй үзэгдэл ажигласан. 2008 онд сонгууль дөнгөж өндөрлөж, МАХН-ын засаглалын үед хүний цус урссан шүү дээ. Таван хүний амь үрэгдсэн. Гэтэл үүнийхээ учрыг одоо хүртэл олоогүй. Цагдаагийн хэдэн хүнийг ялтан болгоод тавьчихлаа. Гэтэл тэр үеийн МАХН-ын байшин дотор хүнийг халаагуураас гавлаж, амийг нь хороосон. Үүнд шүүхээс дүгнэлт өгөөгүй л байна. Улс төрийн гол хүчний төв байран дотор хүн нас барсан тухай асуудал шүү дээ. Үүнээс хойш худал хуурмаг амлалт, Оюутолгой, Таван толгойн асуудал, гадныханд найр тавьж, шударга бусаар хуваарилалт хийснээр зогсохгүй хээл хахууль, авлигын хэрэг ч олон гарлаа. Энэ бүхнийг бодохоор хар дарсан зүүд шиг санагддаг.
Харин өнөөдөр Монгол түмний заяа тэнгэрлиг юм болохоор 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуульд ардчилсан хүчнийг гол болгож сонгосноор байдал засрах төлөвтэй л явж байна.
-Улс төрийн үйл явдлын гүнд олон жил ажилласан хүний хувьд үе, үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ямар байсан талаар ярихгүй юу?
-Өнгөний хувьд би дээр хэлсэн дээ, энэ удаагийн сонгууль өндөр түвшинд болж байна гэж. Ардчиллын үйл явц маань өөрөө эрийн цээнд хүрчихлээ. Нөгөө талаас нийгмийн сэтгэлгээ, үйл явдлын үр нь боловсрох цаг хугацаа нь энэ бүхнийг шинэ болгож байна. Ер нь одоогийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд өрсөлдөж байгаа гурван хүн гурвуулаа миний сайн анд нөхдүүд. Хэдийгээр надаас насаар дүү ч гэлээ Элбэгээг ардчилсан хувьсгалын үеэс эхлээд мэддэг, хамтарч ажилладаг, дэмждэг.
Б.Бат-Эрдэнэ аварга бол манай нутгийн хүн. Монгол даяараа түүхэнд нэрээ үлдээсэн хүчит аварга маань. Ойрын хэдэн жил ийм аварга дахиж төрөхгүй биз дээ гэж боддог. УИХ-д сууж байхдаа эх орон, газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо өргөж, намынхаа даргыг огцруулах саналыг хүртэл тавьж байсан хүн. Тиймээс монголчууд түүндээ хайртай, хүндэлж явдаг.
Нөгөө талаас Н.Удвал гэж ариун цагаан үйлстэй эмч хүн. Тэр бол улс төрд орж байгаа эмч нарын, эмэгтэй хүний төлөөлөл. Бид сайн танилууд. Тиймээс энэ гурван хүн надад их ойр.
Сонголтын тухай ярихад бид энэ гурваас нэгийг нь л сонгож таарна. Гурвууланг нь сонгож болдог бол тун сайн баг болох юм. Харамсалтай нь нэгийг нь л сонгоно. Ингэж сонгоход шалгуур хэрэгтэй. Монголын эртний судруудад төрийн эрх бариулах хүнээ сонгох шалгуурыг тун тодорхой заасан байдаг. Ингэхдээ гурван зүйлээр шинждэг. Нэгдүгээрт, үзлийг нь, хоёдугаарт, үйл хэргийг нь, эцэст нь хүслийг нь шинж гэж. Тиймээс энэ гурван хүний үйл хэргийг монголчууд бүгд мэднэ. Нэг нь ардчиллын тугаа анхан өргөж боссон, монголчуудаа ардчилсан хувьсгалд уриалан дуудаж, өнөөдрийг хүртэл тугаа өндөрт өргөж яваа, Монголд төдийгүй дэлхийд нэртэй улстөрч.
Нэг нь Монгол түмний хайртай их аварга. Нөгөө нь Эрүүл мэндийн сайд.
Дээрх шалгууруудаас хамгийн гол нь үзлийн шалгуур болж байгаа. Хэн ямар үзэл барьж байна. Үзэл гэдэг бол зөвхөн нэг хүний асуудал биш юм. Учир нь энэ гурван хүн гурван улс төрийн хүчнийг төлөөлөн гарч байгаа. Тэдгээр улс төрийн хүчнүүд нь үзлээ энэ гурван хүнд даатгаж, томъёолж, ард талд нь харж суугаа.
-Тэгвэл гурван нэр дэвшигчдийн үзэл нь ямар гэж?
-Үзлийн хувьд зам мөрийн асуудал гэдгийг би түрүүн хэлсэн. Социализмаар 70 жил яваад сүүлд харамссан шигээ тийм замаар явчих вий дээ гэдэг бол маш том асуудал. Хэдийгээр хүмүүс улс төрийн үзлийн тухай өдөр бүр ярьдаггүй ч гэлээ ирээдүйнхээ тухай боддог хүн бүр үүнийг анхаарахгүй байж болохгүй.
1992 онд баталсан Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулна гээд заасан. Энэ бол манай үзлийн гол чиг. Үүнийг хэрсүүхэн шиг аваад үзэх юм бол социализмын эсвэл капитализмын замаар яв гээгүй, хүн төрөлхтний зорьж байгаа иргэд нь хамгийн гол хүчин байж өөрсдийн хувь заяагаа шийддэг нийгэм гэж ойлгох учиртай. Энэхүү хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн цогцлуулна гэдэг бол асар их хүнд зорилт. Үүний гол санаа нь иргэд, хүн ард нь хувь заяаныхаа жолоог барьж, асуудлаа шийднэ гэсэн үг. Тиймээс энэхүү гол үзэл дээр дээрх гурван нэр дэвшигчийн хэн нь баттай зогсож чадаж байна вэ гэдэг нь тун сонин.
-Өмнөх Ерөнхийлөгчдийн үзэл нь ямар байсан юм бэ?
-Өмнөх замаа харах юм бол бид янз бүрээр будилж явсан. 1993 онд П.Очирбат Ерөнхийлөгчийг сонголоо. Тэр үед би найздаа хэлж байлаа, Ерөнхийлөгч хүн улс орныхоо үзлийг тээж явдаг, үүгээр байр сууриа илэрхийл гэж. Тэр үед ардчиллын төлөө ардчилсан нам хүчнүүд нөгөө талд социализмаа засаад үлдэх хүсэлтэй хуучин хувьсгалт нам гээд хоорондоо бас л ширүүхэн үздэг байлаа шүү дээ. Манай хүн 1995 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ардын эрх сонинд үзлээ илэрхийлэхдээ эдийн засгийн байдлаас нь хандаж “Монголчууд ариун цагаан атаа жөтөө, шударга шуналаар амьдрах ёстой” гэсэн лоозон тавьчихсан. Түүнээс болж бид хоёр муудаж, сайдаж явсан үе бий.
Дараа нь Н.Багабанди Ерөнхийлөгч сонгогдлоо. Би Н.Багабанди Ерөнхийлөгчид “Улс орны хувьд үзлээ сонгох, тодруулах шаардлага гардаг. Та Монгол орны талаарх үзлээ илэрхийлээч” гэж хэлсэн. Тэгэхэд 1999 онд тэрээр Ардчилсан социалист залуучуудын холбоо байгуулагдахад явуулсан баярын бичигтээ “Ардчилсан социализм бол Монголын ирээдүй мөн” гэж бичсэн байсан. Тэр бол Ерөнхийлөгч өөрийнхөө үзлийг илэрхийлэхдээ социалист замналыг сонголоо хэмээн тунхагласан хэрэг.
Дараагийн Ерөнхийлөгчийн уг санаа нь анхнаасаа гуравдагч замын үзэл буюу Амартисены үзлийг барьж гарсан хүн. Амартисен бол Нобелийн шагналт, одоо Харвардын их сургуулийн профессор, дэлхийд нэртэй онолч хүн. Магадгүй энэ үзэл ч буддын шашны үзэл, номлолд ойр байсан байж болох юм. Гэтэл сүүлд нам хуваагдах болоход үндэсний ардчилсан үзэл, ардчилсан социализм гэж хоорондоо маргалдсаар байгаад гурав дахь замын үзэл алга болчихсон.
Өнөөдөр харин тав дахь Ерөнхийлөгчөө сонгох тухай асуудлыг ярьж байна даа.
-Та дээр хэлэхдээ өнөөгийн нэр дэвшигч гурван хүний үзэл тун сонин гэлээ. Энэ талаар нэлээд судалсан юм аа даа?
-Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг интернэтээс компьютертээ татаж аваад, зэрэгцүүлэн хараад сууж байна. Ингэхэд Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлиг, иргэний, ардчилсан нийгмийн сонголтыг бататгах үзэл санааг зөвхөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л илэрхийлсэн байна. Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт энэ талаар огт алга. Тэгэхээр би бодож байна, Ерөнхийлөгч хүн үзлийн талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юм бол өөр юуны тухай ярих ёстой юм гэж. Үзэлтэй нийгэм гэдэг бол нартай, гэгээн өдөр яваа нийгэм. Ийм нийгэмд замаа олоод явчихна. Үзэлгүй нийгэм бол харанхуйд тэмтчиж яваа хүнтэй адил алхам тутамдаа хана мөргөж, бие биенийхээ гар, хөл дээр гишгэж, хоорондоо мөргөлдөж явна шүү дээ. Тиймээс үүнийг нэр дэвшүүлсэн улс төрийн хүчнүүд нь ойлгоогүй, нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрт суулгаж өгөөгүй нь харамсалтай байна.
Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт өрөөсгөл эдийн засгийг үр ашигтай хослуулна гээд биччихсэн байх юм. Эдийн засгийн шинжлэх ухаанд ийм нэр томъёо байдаггүй. Өрөөсгөл эдийн засгийг хэдий болтол ч авч явах билээ. Баруун хармаандаа өрөөсгөл, зүүндээ үр ашигтай эдийн засагтай явах гэсэн бодол төрөөд байх жишээтэй. Энэ мэт асуудал байна л даа.
Ер нь бол үзлийг томъёолж гаргана гэдэг зөвхөн тунхаглаад өнгөрнө гэсэн үг бус хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Монголын нийгэм ардчилсан замналаар 20 жил явлаа. Үүнийхээ эцэст жинхэнэ ардчилсан нийгэм гэдгийг цогцлоох эхнийхээ том алхмуудыг хийж эхэллээ. Энэ бол нэгдүгээрт, шууд ардчилал. Төр засгийн үйл ажиллагаанд иргэд нь өөрсдөө оролцож, иргэдийнхээ саналаар асуудлаа шийддэг болж эхэлж байна. 2012 оноос хойш, магадгүй АН гарч ирснээс хойш энэ зорилт хэрэгжиж эхэлж байгаа байх. Энэ талаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт орохдоо орон нутагт нь боловсон хүчний бодлого, татварын бодлого, газар ашиглалтын бодлогыг нь өгөөд асуудлаа шийд гэж байна. Энэ бол монголчуудын ардчиллын төлөө тэмцэж ирсэн тэмцлийн хамгийн бодит үр дүн юм.
Энэ мэтээр бодоод үзэхээр өрсөлдөж байгаа гурван хүн дотроос улс орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг зангидаж харж чадсан мөрийн хөтөлбөртэй хүн ганцхан байна. Би нөгөө хоёр хүнийг муу гэж байгаа юм биш. Гэхдээ тэдний ард байгаа улс төрийн хүчнүүд нь өөрсдөө ийм байдалд байгаа юм байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан зам мөрөө хэрхэн бататгах, хөгжүүлэх учраа олоогүй юм байна гэсэн бодолтой л сууж байна даа.
-УИХ, Засгийн газар нь нэг намын гарт байхад Төрийн тэргүүн нь өөр намаас байвал улс төр харьцангуй тэнцвэржинэ гэсэн тайлбарт та ямар хариулт хэлэх вэ?
-Өнөөгийн нөхцөл байдал нэг нам нь УИХ барьж байхад нөгөө нь Засгийн газар, гурав дахь нь Ерөнхийлөгчөө тавьснаар улс төр тогтвортой байна гэдэг нь миний бодлоор цаг цагт өөр өөр утгатай байна. Монгол орон хэрэв хуучин хувьсгалт намын засаглалтай байгаад ардчилсан нийгэмд оръё гээд явж байх үед УИХ, Засгийн газраа МАХН барьж байхад ардчиллын бага ч болов өнгө айзам оруулахын тулд Ерөнхийлөгчийн засаглалыг АН бариасай гэсэн хүсэл байсан юм. Тухайлбал, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бид үүнийг ард түмэндээ хэлдэг байсан юм. Ардчилал устгагдлаа, гишгэгдлээ, соёолж байгаа ногоондоо жаахан ч болов ургах амьсгаа тавьж өгөх юмсан гэж. Гэтэл өнөөдөр байдал өөр АН төр засаг барьж байна гэдэг нь ардчиллын зам дээр урагшаа явах боломж бүрдэж байна. Энэ үед өмнөх нийгмийнхээ улс төрийн хүчнийг өөд нь татаж гаргах, түүндээ Ерөнхийлөгчөө өгье гэдэг асуудал байж болох уу.
Нөгөө талаас нь аваад үзэхэд бид 22 жилийн зам туулахдаа нэг ч удаа ардчилсан хүчнээс нэр дэвшиж сонгогдсон төр, засаг нь тогтвортой ажиллах боломжтой үеийг үзсэнгүй. Дандаа сөрөг хүчнийхээ нөлөөнд орж, унаж босч, шавартай хутгалдаж явсаар өдийг хүрлээ. Харин өнөөдөр тийм боломж бүрдлээ. Энэ үед ардчиллынхаа замыг мөрийг сонгосон сонголт дээрээ хүчээ нэгтгэх нь хэрэгтэй.
Эх сурвалж өдрийн сонин Т.ГЭРЭЛМАА
Сэтгэгдэл ( 1 )
byambasuren baba