Жан-Франсуа Рокки: Манай тал идэвх зүтгэл гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Ашигт малтмалын газар Франц улсын Геологийн албатай өргөн хүрээнд хамтран ажиллахаар болж байна. Талууд Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлхийг судлах шинжлэх ухааны хүрээнд тус хоёр орны Геологийн албадын хооронд шинжлэх ухаан, техникийн  мэдлэг солилцох, мөн шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх болон техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ. Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд монголын геологийн салбарын боловсон хүчнийг давтан сургах, техникийн мэдээлэл солилцох, хамтарсан геологийн судалгаа, зураглал явуулах, геологийн мэдээллийн сангийн төсөл боловсруулах, ашигт малтмалын үнэлгээ хийх, уурхайн үйл ажиллагааны байгаль орчин дахь нөлөөллийг судлах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна уурхайн хаалт, олборлолтын дараахи нөхөн сэргээлт, гидрогеологи, усны нөөцийн хамгаалал, гүний халуун усны судлал зэрэг олон асуудлаар хамтран ажиллахаар тогтжээ.

АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болд энэхүү санамж бичгийн ач холбогдлыг үнэлж “Франц улсын Геологийн алба нь 1997 оноос манай улсын Геологийн мэдээллийн төвтэй хамтран ажиллаж сансраас авсан зураг ашиглан геологийн зургийн дүрс боловсруулах төв байгуулан манай талд хүлээлгэн өгч байсан, түүний үр дүнд франц, монголын мэргэжилтнүүд хамтран ажиллаж сансрын тоон зургийг ашиглан манай улсын нутаг дэвсгэрийн зарим хэсгийн геологийн зураг зохиосон нь томоохон талбайд бага зардлаар геологийн судалгааны ажлыг тэргүүний дэвшилтэт технологи ашиглан хийсэн явдал болсон юм, 2002 оноос хэсэг завсарлаад байсан манай хоёр орны геологийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид сэргээн шинэ шатанд гаргахад энэхүү санамж бичиг тодорхой үр дүн өгнө гэдэгт бид итгэж байна гэж хэллээ.

Франц улсын Геологийн албаны ерөнхийлөгч Жан-Франсуа Рокки сэтгэгдлээ ярихдаа “Эх орондоо урьж геологийн салбар дахь хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх талаар монголын талаас тодорхой санаачилга, санал гаргасныг бид бүрэн дэмжиж энэ санамж бичгийг байгууллаа, энэхүү санамж бичигт дурдсан өргөн хүрээтэй хамтын ажиллагааг ажил хэрэг болгоход манай тал идэвх зүтгэл гаргана. Манай улсын Геологийн албаны дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг монголын тал элэгсэг дотно хүлээн авсанд талархлаа илэрхийлж байна. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа нартай хийсэн уулзалт яриа, мөн ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Геологийн тэнхимийн багш нар, геологи судалгааны үйл ажиллагаа явуулдаг зарим компаний төлөөлөлтэй бидний хийсэн уулзалт ажил хэрэгч, үр дүнтэй болсон. Тэрчлэн монголын эртний Хархорин хотыг үзүүлж Геологийн мэдээллийн төвийн архивын үйл ажиллагаатай танилцуулсанд бид сэтгэл өндөр байна.” гэж ярьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top