Хуулийнхан их сонин хүмүүс юм. Нэг л тийм биеэ отсон, үгээ цэнэсэн, цээжиндээ үргэлж давхар бодол тээсэн, сиймхий гарвал хэнийг ч хамаагүй хуулиар далайлган эрхшээлдээ оруулах гэж зүтгэдэг. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг овоо өсөх ирээдүйтэй залуу хэмээн хүмүүс ам сайтай байлаа. Гэвч сүүлийн үед энэ үнэлгээ талаар болж байх шиг байна. Эрхэм нөхөр маань олонд тараа таниулж эхэллээ. Нөгөө хэдэн амьдралаас тасарсан, онолын хуульчдаасаа ялгаагүй болжээ. Сайн хүний үр, сайн гүүний унага гэдэгсэн дээ. Уг нь түүнд хууль эрх зүйн “А”-г заасан багш нь доктор, академич С.Нарангэрэл. Академичийн гараас арчаагүй нэгэн гардаггүй гэдгийг түүгээр хичээл заалгасан Монголын олон чадалтай хуульчид нотолно. Гэтэл Х.Тэмүүжинд академич С.Нарангэрэлээр хичээл заалгаж өдий зэрэгтэй улс төрч болсон шинж алга. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод зарга хийдэг шиг мань хүн багшийгаа ийнхүү үл тоосон нь өөдөөс "салаавч" гаргаж байгаатай агаар нэг юм. Хөгшин зөнөг, хоцрогдсон бүдүүлэг хэмээн доромжилж байгаа багшийнхаа эрдмийг сурсан Х.Тэмүжин бас тийм л болж таарах бус уу. Шавьдаа ингэж хэлүүлсэн багш нь голдоо ортол гомдолгүй яахав. Ивээлээ хүртээж, халамжлахын дээдээр халамжилж явсан унаган шавь нарынх нь нэг юм чинь. Залуу хүн алдаа л биз, хэд хоногоос уучлал хүсээд ирэх байх гээд гомдлоо дотогш хумин хүлээтэл Х.Тэмүүжин харин жишим ч үгүй толгой гэдийгээд яваад өгсөн.
Аргаа барсан С.Нарангэрэл эцэст нь нэгэнт төрийн түшээ болсон “том” хүнд хуулийнхаа дагуу сургамж өгөх нь зүйтэй гэж бодоод Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ. Шүүх хурал ч боллоо. С.Нарангэрэл академич Х.Тэмүүжингийн доромжлолыг шүүгчдийн өмнө дахин хуулийн дагуу тайлбарлав. Харин шүүгчдийн асуултуудад өөрийгөө эрдэм чадалтай лут хүн хэмээн төсөөлж явсан Х.Тэмүүжин дэмий л амаа ангайн зогссоор, олигтой юм хариулж чадаагүй гэнэ. Түүний үзэл суртлаар бол хуучин Зөвлөлт Холбоот улсад хуулийн мэргэжил эзэмшсэн С.Нарангэрэл мэтийн хүмүүс цөмөөрөө хоцрогдлын туйл болоод байгаа юм байх аа. Өөр шиг нь Америкт хуулийн мэргэжлээ ахиулсан хүн шинэчлэгч байх ёстой юм байна. Хэтэрхий явцуу, өрөөсгөл төсөөлөлтэй яваа бололтой, Х.Тэмүүжин гуай. Хүн бүхнийг иймэрхүү маягаар алагчлаад байвал хүний эрх гэж ярих хэрэггүй л байхгүй юу. Ер нь ингэхэд Х.Тэмүүжин гэгч маань чухам хэн болж таарч байна аа. Түүнийг сайн мэдэх зарим хүмүүсийн үнэлэмжээр бол байдаг л нэг "пацаан" ажээ. Буддын соёл, шашнаа үл тоодог. Тоодоггүй юу байхав дээ, өөрийгөө шашингүй үзэлтэн хэмээн “тоодог” том цээжтэй жижигхэн эр. Нэг удаа мань хүн “Уул уурхай ба сайн засаглал” сэдвээр залуучуудын дунд илтгэл тавьсан гэнэ. Энэ үеэрээ залуучуудыг басамжилсан янзтай ярвалзаж, “Өнөөгийн залуучууд аливаа шийдвэр гаргахдаа ламаас асуудаг. Өвгөд хөгшид нь хүртэл шашин номлодог. Монголд өнөөдөр юм ойлгохгүй тэнэг толгой олон байна” гэсэн утгатай юм ярьж тэнд цуглагсдыг алмайруулж орхижээ. Шашныг хэрхэн үзэх нь тухайн хүний асуудал. Гэхдээ аль ч шашин хүн төрөлхтний, тухайн үндэстнийхээ агуу том соёлыг илэрхийлдэг. Манайд буддын соёл, суртахуун зонхилдог. Сүүлийн хориод жилд харин христчид нэлээд олширч байгаа. Х.Тэмүүжингийн гайхуулдаг Америкчууд бараг тэр чигээрээ христээр амьсгалж байна. Ерөнхийлөгч нь тангаргаа өргөхдөө библийн судар дээр баруун гараа тавиад өндөр дуугаар ард түмнийхээ төлөө чин үнэнчээр зүтгэхээ илэрхийлдэг. Хэт туйлширсан прагматик сэтгэлгээгээр хэн ч хол явахгүй. Ялангуяа Х.Тэмүүжин шиг улс төрд хөл тавьж яваа хүмүүс нэг л өдөр лаазаа өшиглөөд гудамжинд алхах болно. Учир нь гэвэл хүмүүсийн шүтэн бишрэх эрх, эрх чөлөө гэж нэг агуу юм байна аа, хөө. Үүнийг хэн ч мөхөөх, мохоох эрхгүй, бас боломжгүй. Улс төрчийн амнаас шашны талаар, тухайн шашныг шүтэгчдийн тухай жаахан ч атугай ёозгүй үг гарвал дор нь хөмөрч орхино. Магадгүй, дахиад улс төр рүү өнгийхгүй болтол доош нь хийнэ. Ардчилал гэгчийн уг мөн чанар үүнд л байдаг юм. Бусдын эрх, эрх чөлөөг хөндөхгүй байх нь ардчилал мөн биз дээ. Тэгвэл Х.Тэмүүжингийн хувьд том алдаж байна. Багшаа гомдоож, шашнаар хүмүүсийг ялгаварлаад л, даанч дээ. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой байнгын хорооны хурал дээр хэрэлдээд байсныг энд тоочих илүүц байх. Ажлын төлөө хэн ч, хэнтэй ч маргалдаг юм чинь дээ. Харин дээр өгүүлсэн өнөөгийн ихэнх хуульчдын заваан бүхнийг өөртөө шингээсэн бол “улс төр баяртай” гээд УИХ-аас явах л болох нь дээ, Тэмүжин хуульч аа. Амьдрал баян учраас Буддатай, Христтэй, Нямдоржтой бас чамтай хамт ард түмэн амьдардаг юм шүү дээ.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )