Дэлхийд илч түгээх томоохон ордын нэг Тавантолгойн тендерийг Засгийн газар гурван жилийн өмнөөс эхлүүлсэн. Хүрэн “алт”-ны бизнест хүч сорих гадаад түншүүдийн нэр ар араасаа тодорсоор байна.
Харин “Эрдэнэс Тавантолгой” компани цахим хуудсаараа дамжуулан сар бүр шинэ тендер зарлаж байгаа. Тендер бүрийг оролцогчдынх нь нүдэнд ил тод нээлттэй задална хэмээн тэд мэдэгдсэн.
Гэвч уурхайн бодит дүр төрх үүнээс эсрэг байгаа юм.
ШАХААНЫ БИЗНЕСИЙН БАЙ БОЛСОН НЬ
АТГ-т ирж буй албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдлууд дунд өмнийн говийн нүүрсний баян булагтай холбоотой нь цөөнгүй. Тухайлбал, жилийн өмнө энэ уурхайд нийлүүлсэн 1.7 тэрбум төгрөгийн үнэтэй хэр нь хөдөлдөггүй, асдаггүй 10 гаруй хүнд даацын автомашин нар, салхинд гандсаар буйг нутгийн иргэд хэллээ. Үүгээр зогсохгүй уурхайн төмөр хөлгүүдийн “размер”-аас хэтэрсэн эсвэл хэт дутуудсан хэмжээтэй хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий дугуй ярайтал хураалгаастай бий. Энэ бүхний дүнд АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашиглан чанаргүй бараа нийлүүлсэн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэдний далд гэрээ хэлцлүүдийг ил болгохоор АТГ өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхэлсэн юм.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХАМААТАН ТЕНДЕРТ ЯЛАВ
Тавантолгойгоос БНХАУ руу нүүрс тээвэрлэх тендерийг энэ долоо хоногт цуцаллаа. 17 тэрбум төгрөгийн үнэлгээтэй энэ шалгаруулалтад Ерөнхий сайдын дүүгийн охин Г.Уянгын компани ялсныг МАН-ынхан ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн АТГ-т шалгуулахаар болсон. Ингэснээр түүний “Говь повер” компанийг авлигын “шүүлтүүр”-т шалгах ажил эхлээд байна. Үүнээс болж Г.Уянгын нөхөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. Энэ бүхнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус гишүүн асан Д.Дондов “Тавантолгой улстөрчдийн бизнесийн талбар болоход ойртжээ. Ийм зүйлээс болж нүүрсний тээвэрлэлт ч хойшилсоор байх нь” хэмээн тодорхойлсон. Харин АТГ-аас “Говь повер” компанийг шалгах үндэслэлээ тендерийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар тайлбарласан юм.
Нүүрс тээвэрлэх компанид шалгарах компани сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбумаас багагүй төгрөгийн үйлдвэр, үйлчилгээ явуулсан байх шаардлагыг “Говь повер”-ынхон хангаагүй юм байна. Түүнчлэн тус компани орлогын алдагдалтай тайланг татварын байгууллагад өгчээ. Гэтэл бүх хэлэлцээ хуулийн дагуу болсон гэж хэвлэлд ам алдсан “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Тендерийг энэ долоо хоногт багтааж зарлана” хэмээн бас ярьсан байх юм.
ЭРГЭЛЗЭЭТЭЙ ТЕНДЕР НЭГЭЭР НЭМЭГДЭВ
Тавантолгойн тендерийн талбар дахь улс төрийн олон үзэгдэлт тоглолт үргэлжилсээр байгааг ойрын өдрүүдэд болж буй үйл явдлуудаас харж болно. Будилаантай, тодорхойгүй тендерүүдийн эгнээ өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын чуулганы танхимд “Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг дуудаж нэгэн үүрэг өгснөөр өргөжсөн юм. Урагшгүй уурхайн нүүрсний тээвэрлэлтийг шуурхайлахын тулд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Баруун Цанхид “Хишиг арвин индустрал” компанийг тодруулсан билээ. Үүнийгээ эрх баригчид “Цаг алдалгүй ажиллах хэрэгтэй. Орд газруудын ажил удааширч байна. Ажил цэгцэртэл “Хишиг арвин индустрал” компаниар хөрс хуулалтыг хийлгэж байгаа” гэж тайлбарлав. Уг нь Тавантолгойн Баруун Цанхийн тендерийг Засгийн газраас зарласан. Ялагчийг шалгаруулалтгүй тодруулж, томилох байсан бол тендер зарлаж, АНУ зэрэг гадны орнуудын компанийн санал авч ганцаарчилсан тоглолт хийх хэрэг байсан уу гэх асуултад уул уурхайн салбарынхан “Улстөрчдийн халаасны компанид тендерийн шалгуур үйлчлээгүй” гэж хариулсан байдаг.
УУЛ УУРХАЙД АВЛИГА “ТЭРГҮҮЛЖЭЭ”
АТГ улс төрийн хүрээн дэх авлигад өртөж буй байдлыг судалжээ. Авлигад төрийн байгууллагууд Засгийн газар, УИХ, яамд хамгийн ихээр өртсөн нь судалгаагаар гарчээ. Мөн улстөрч, албан тушаалтны ашиг сонирхол аль салбарт илүү давамгайлж байгааг ч судалгаагаар харуулсан байна. Үүнд дэд бүтэц, уул уурхай, бизнесийн салбар тэргүүлсэн аж. Эдгээр салбарт ажиллаж буй улстөрч, албан тушаалтнуудын авсан авлигыг АТГ-ын судалгааны ажлын хэсэг төрлөөр ангилж үзэхэд “олсон орлогоо хувааж авах” гэсэн тохиролцоо давамгайлжээ. Үүний тод жишээгээр тус газар төрийн өмчит компаниудын тендерийг нэрлэж байгаа юм. Амьдралд ил байгаа Тавантолгойн тендерийн будилаан холбогдох байгууллагын судалгааны үзүүлэлтэд ч дээгүүр жагсчээ.
Э.СОЛОНГО
Сэтгэгдэл ( 2 )
Oyutolgoin geree batlaltssan humuus haana yavna veee mongol ulsiig hudaldsan darga nar yu bodoj baina aa Eronhiilogch eronhii said Sangiin said Baigal orchnii said yasan bee SHUDARGA BAIMAAR baina sh dee
TT-gee hurdan ergeltend oruulah ni zov shuu?