Цоодолын Хулан: Гэгээ татсан АНУ хатан

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Орхон түшээ мөрний чулуудыг усны хэл долоон мөлийлгөсөөр ч, он цагийн тэртээд монгол ахан дүүс нэгнээдээ мэс агсаж довтолсныг аль болох хурдан мартуулах гэсэн юм шиг сувдан хэлхээт их усан эргээдээ гэв гэнэхэн цалгиа цацаж дүрсгүйтнэ. Усны дэргэд ирэхээрээ яагаад хүн бодол болдгийн учрыг бүү мэд, төв халхын энэ их ус эгэл тэргүүтний бүү хэл, эрдэмтэн мэргэдийн хүртэл эргэлзээ сэрвэлзээг хөдөлгөж, түүхийн яагаад гэдэг асуултын хариуг дотроос нь нэгжиж шаналгаад, гуниг уйг ч төрүүлдэг нь магад аа.

Харин энэхүү гунигийн хөллөгөөт асуултын нэгэн хариу тайлал болохыг зорьж нэгэн уран бүтээл мэндэлсэн нь АНУ ХАТАН кино юм. Нэрнээсээ бүсгүй, эмэгтэй зохиолчтой, эмэгтэй найруулагчтай, эмэгтэй гол дүрийн жүжигчинтэй энэ кино саявтархан нээлтээ хийж, үзэгчдийнхээ шалгуур дэнсэн дээр очлоо.Б. Шүүдэрцэцэг хэмээх уран бүтээлийн нэрээрээ олонд нэршиж, бүтээлүүд нь таашаагдан соёрхогдсон зохиолчийн яг төрсөн өдрөөр нийслэлийн кинотеатруудад зэрэг зэрэг гарч эхэлсэн АНУ ХАТАН киног нь үзлээ.

Киноны нээлтэд Шүүдэрцэцэг, түүний хань Болдхуяг нарын урьж залсан зочдоос олны танил эрхмүүд нэлээд харагдсан нь киногоо сурталчлах, мэргэжлийнхэнд үзүүлж үг хэлүүлэх, мөн мэдээж, асар богино гэж болох хугацаанд бүтсэн киноныхоо мөнгө санхүү тал дээр анхаарсных ч биз, аливаа кино Монгол улсад төдийгүй, олон улсад ч хамгийн өртөг өндөртэй “тоглоом” шүү дээ... Иймэрхүү бодол тээж үзэгчдийн танхимд анх орж ирээд, дэлгэцээс унах бүүдгэр гэрлийн хувилгаанд киноны баатруудтай зэрэгцэн гурван цаг амьдарлаа. Цагаа харах завдалгүй нэг л мэдэхэд өнгөрсөн энэ гурван цагт Монгол угсаатны нэгэн үр удам –Баруун Монгол,түүний дотор торгууд түмний маань домог хайлангийн язгуур болж мандсан гайхамшигт Ану хатан, Галдан бошигт нарын хайр, ханилал,баатарлал тэмцлийг хэрхэн өрнөхийг харж анирдаад нэгэн үеийн уран бүтээлч анд Шүүдэрцэцэгтээ болон бусад бүсгүй голдуу уран бүтээлчиддээ ихэд олзуурхан баярлалаа.

Галдан бошигт нарын тэмцлийг түүхэн өөр цаг үеүдэд янз янзаар тайлбарлаж, алийг нь чухам түүхийн сурах бичигт оруулахаа мэдэхээ больчихсон шахам өнөө үед эл сэдвийг гогодож авах, түүгээр кино хийх нь баргийн хүний зориг хүрэх ажил биш ээ гэдгээс ацаг тавин цааш дурдсугай.

Баруун Монголын маань харлаг агаад цэнхэрлэг уулсын сүр үзэгчдийг дуу алдуулан тодрох нь энэ киноны нэрийн хуудас гэж болно. Элстэй судгийн наахантай, ээрмэгхэн зэлүүд талд, нас биед дөнгөж хүрч яваа хөвгүүд охид нум сумаар бай харваж өрсөлдөн наадахад охин Анугийн тавьсан сум эрчлэн исгэрэн одохдоо алс Утайгаас гэрээдээ дөтөлж яваа залуухан идэр Галдан хувилгааны жуузыг харван алдаж буйгаар үйл явдал эхэлдэг. Чухам эндээс өрнөж эхэлж буй тус киноны улаан шугам нь Галдан Ану хоёрын хайр сэтгэл мөн боловч энэхүү хайр сэтгэлийн харилцааг тойруулан өрж шавж тусгаар тогтнолын сэдвээр чөлөөтэй сэтгэх, таамаглах эрхийг үзэгчдэд өгч байгаагаараа эл уран бүтээл онцлогтой юм. Түүхэн том үйл явдлуудыг заавал нүсэр болхи тайз, хэрэгтэй үгүй олон оролцогчоор хүч түрэн шийддэг киноны үе өнгөрсөн байна. Гээд энэ кино билэг тэмдэг төдий хэдэн хүн байн байн баруун зүүн тийн гүйлдэж “массовк”-дсан даржин бүтээл огт биш ээ, түүхээ эргэж харах гэсэн буяны садангуудын тус дэмээр юугаар ч дутаж гацаагүй нь анхнаасаа ажиглагдана. Найруулагчид залуужиж, улам овсгоотой, улам гярхай шийдлүүдээр үзэгчдээ мялаах болсон өнөө үед эмэгтэй зохиолч, эмэгтэй найруулагчаас л гарах нарийн нандин, чимхлүүр сэдэл, “дуран ажиллагаа”, өрөлт тавилтын холбоосыг харж болно. “Аватарынх” шиг огцом уналт халил, усан доторхи зураг авалт...цөм шинэ санагдсан. Найруулагч Т.Алтантуяа гэдэг авьяаслаг, мэдрэмжтэй залуу хатагтайн нэрийн хуудас болсон энэ кинонд хашир сайн,хуучны найруулагч Г.Жигжидсүрэн гуай зөвлөхөөр ажилласан байна билээ. Ардын цолтой жүжигчид, Мягмарнаран, Сарантуяа нар ч уг бүтээлд донж, нүнжиг нэмсэн нь үзэгчдэд таалагдах шиг болсон.Гээд энэ кино бидний үеийнхний, өөрсдийнх нь нэрлэснээр “Мөрөөдлийн багийнхны” кино болох олон урьталтай . Урьд өмнөх кинонуудад улиг болтлоо давтагдсан дүр төрх, жишээ нь амаа ангайн тэнэг хээгүй байдлаар үе үе инээлдэх баатруудын хүдэр бадир бие бялдар, сахал самбай болсон нүүр царай энд алга. Хямд, бүр одоо гараад л Тосон торгоос авчихаж болохоор элбэг олдох торго дурднаар умайлгаад өмсүүлчихдэг, эсвэл энэ чинь тэр киноны баатрын хувцас бүтнээрээ тууж явах чинь вээ гэмээр, цаг үеийн хонгилд төөрчихсөн дээл хувцас энд алга. Уламжлалт дээл хувцсыг үзэхийн аргагүй болтол өөрчлөн, энгэр хормойг нь шалдлан таначихдаг,этгээдлэн салбайлгадаг, заримдаа ч Харбины гуанзны цай зөөгчдийнх шиг “одоочилдог” эндүүрэл энэ кинонд бас л алга. Ерээд оноос эхлэн түүхэн сэдэвт киноны хэл гэж авахын аргагүй юм болоодохсон,тэгсүү ингэсүү...сугай сүгэйгээр бульдсан юм ч энд алга. Үүнээс л хамгийн айж байлаа даа. Дүрүүдийн нэр ч түүхээ түшиглэсэн тулдаа есөн шидийн “Борогчин, Алтжин гэх мэтийн элдэв “жингүй” , юухан хээхэн дээр ч атугай барим тавим ажиллаж дэглэж чадсан нь харагдаад байгаа юм. Жишээлбэл, манайхан бултаараа бүдүүлэг нүүдэлчин, малын арьсыг буруу харуулж өмсөхөөс өөр гоёогүй, махнаас өөр гүнцэггүй гэж будилагсад, үндэстнээ басагчид зөндөө л таардаг бол энэ кинонд өвөг дээдэстээ хүндэтгэлтэй ханджээ. Найрын хэсэгт тавагны идээндээ анар, тоор, нар хамба, нанжин чавга мэтийн амттан байлгасан нь анзаарсан хүнд бага зүйл биш, тэр үед гадаад худалдаа харилцаа хэчнээн өргөн дэлгэр байсныг, бид ерэн оноос биш, тэртээ дээр үед л гэхэд овоо юм үзэж нүд тайлсан байсныг үг дуугүй хэлж өгнө. Хатны дээлийн шүр сувд, алт мөнгөн эдлэлийн ур хийцний талаар нарийн яривал их юм гарна,илүү баярхаж, “ориг” гэгддэг зүйлсийг энд тэндээс зээлдээд, үзэгчдийг алмайруулж болох байлаа, гэхдээ энд ч бас монголын эрт эдүгээгийн эмэгтэйчүүлийн нүнжгийг дордуулахгүй, буян хишгийг гомдоохгүй гэсэн оновчтой зөв сэтгэл тувт яваад байгаа нь маш хөөрхөн юм л даа.

Үнэхээр сэтгэл ханхалсан, дахин хэлье, сэтгэл ханхалсан уран бүтээл болж чаджээ. Киноны сүншиг энд л байна. Сэтгэлийн оролцоо найрлага их тусмаа уран бүтээл сайн болдгийг, өчүүхэн алдаа сэлтийг нь ч өршөөх шалтаг олддогийг мэргэн ихэс мэдэх байх. Ерөнхийлөх, хавтгайруулах, магтахын тулд магтахаас зайлсхийхдээ үзэгчдэд хүрэх, санамж өгөх ямар үг өгүүлбэр, гох санаа байна вэ гэдэг дээр түр тогтноё.

Монголчуудын унал буурлын үеүдийг хоорондын эв эеэ хичээхгүй, жаахан сэрвийгээд ирэхээрээ ямаан омогтой, баярхуу, нэгнээ заавал сөгтгөж авч байж салах гэдэг муж зантай нь холбодог ч ахан дүүс, хадам хүргэн, овог аймаг дотроо хагаралдахыг далдуур буруутгасан үйл явдлын хэлхээсээр эхэлдэг түүхэн зохиол үнэндээ ховор юм. Энэ бол яах аргагүй дөгөөн авч болох ярианы сэдэв. Яриад л байсан, цэцэрхээд л байсан,яс юман дээр сургамжлан үзүүлсэн энэ мэт уран бүтээл олон билүү? Хааны ор суух угсаа залгамжлагчийг явж явж хамгийн ойрынх нь хэн нэгэн хороож орхидог заваан түүхээр хахсан бага хаадын үеийг иймээр төсөөлж болох юм шиг санагдаж байна. Баруун монголынхны гурван үсэгтэй фракцийн тухай шивэр авир хийж, нөгөө л үхэр зангаар биесээ сэждэг монгол араншин балраагүй өнөө цагийнханд дохио болгох гэж ч энэ санааг зохиолч маань зориуд орхисонгүй нь ямар сайшаалтай вэ? Шүүдэрцэцэг зүгээр нэг хайр дурлалын сэдэвт хошин паянг, дэлгэцээр эрээлжилсэн олон кинонцорыг элбэг зохиочихно, өдөртөө гурвыг. Өөрөөсөө нэхэгдсэн энэ бүтээлээ амьтанд муу хэлүүлж, атаа хөдөлгөж, ад гүйлгэсэн бүтээл ч болог хамаагүй, тэрбээр өөрийгөө сорьж, зорж зурж чадаж байгаа нь гайхамшигтай. Үүнийхээ төлөө сайн муу үг дуулаг, бас л хамаагүй, манайд юм хийдэг хүнд дургүй нь үнэн юм хойно! Цаг үеэсээ босч өндийж, түүхэн сургамжуудыг хашгирах зохиолч цагаа тулахад тийм ч олон байдаггүй юм шүү. Ихэнх нь бүх үзэл сурталд эвийн цавуу байх гээд хүнтэй, төртэй мууддаггүй юм. Шүүдэрээ үүгээрээ ч” том” байна. Шүүдэрцэцэг, нөхөр нь баруун аймгийнх уу? Ингэж асуух, хэн нэгнийх нь захиалга гэж хардах хүн ч олон гараадахсан. Үгүй ээ, аль нь ч биш, тэд зүгээр л монголчуудын эв нэгдлийн төлөө санаа зовж, энэ их хар атаа, хар мөнгө, хар эрх мэдлийг уран бүтээлээрээ эсэргүүцэн тулж яваа сэхээтэй, гэгээлэг гэр бүл,өнөө цагт хэн нь хэн бэ, хэдийн тоо вэ гэдгээ мэдэх хоёр сайхан уран бүтээлч юм.

Хайр сэтгэлийн харилцаан дахь бүсгүй хүний дотоод сэтгэлийг өнгөлөгхөн нүүр царай, өмссөн дээлийн оёос хуниас, үг яриа, үйлдэл хөдлөлтэй нь хамгийн мэдэх хүний хувьд түүний урласан Ану их гоё, зоримог, давтагдашгүй, нэг тийм монгол, өөрийгөө зольж хүртэл чадсан шинэлэг сайхан Ану болжээ. Алдарт зураачийн хөрөг дээрхи, эрээн бар дагуулан зугаацаж яваа хатан биш, ханийнхаа төлөө зовж жаргаж, хүүхдээ бүлээрэхэд тэврэн бүүвэйлж, их замын эхэнд сүү өргөж, төрхөм хол ёс чангад ээж аавдаа ч гүйгээд очиж чадахгүй, яг л байдаг, үнэндээ түүхэнд ч ийм л байсан даа өөр яав гэж, тийм л эгэл эрхэмсэг бүсгүй хүний дүр босчээ. Жүжигчний хувьд анхны алхмаа гэгээлэг, бүх утгаараа гэгээлэг эхэлсэн Отгонжаргалдаа ч баяр хүргэмээр байна. Отгонжаргалыг энэ уран бүтээлд дагуулан олж ирсэн хүн мандтугай, хиймэл, будмал, хөшсөн, хөхөрсөн охид хүүхнүүдээс анхи өөр, бодол ухаан гэрэлтсэн харцтай, үнэхээр үзэсгэлэнтэй хатныг бүтээж чадлаа, дүү минь. Ану хатны ханиа болон дэргэдэх улсаа ятгаж, сургаж хүмүүжүүлсэн ончтой үгсийг Шүүдэрээ өөрийн амьдралаас их удаан, цэн пунгаар түүж цуглуулсан мэт үнэтэй, ойр дотно тусах агаад тэдгээр нь “зовох цагт сэрэмж, жаргах цагт хатамж “болж олны цээжинд хадагдан үлдэх бизээ. Эрчүүлийн бүр нэг дургүй хүрмээр урвамтгай, хайрыг ор дэртэй хутгадаг гэмийг ч Ану хатан өөрийнхөөрөө өршөөн, өршөөхдөө өшөө хорслоор бус, хайраараа, халуун амиараа төлж өршөөсөнд энэ киноны ёстой нэг амин сүнс байх шиг санагдсан. Өөрөө би эмэгтэй хүн болоод ч тэр үү, тэгж тусгаж авахад яагаад болохгүй гэж? Тиймээ, эр хүн бол эр хүн, гэхдээ тэд эмс бидний өмнө аанай л том болсон хүүхэд, хайр горьддог,зоригжуулж байхгүй бол шантардаг , баатрын хуяг дуулгатай ч бариувтай нялх адил эрхлүүлж, залж байхгүй бол эвийхэн амьтад гэдгийг үйл явдлын хэлхээсээр мөн л хэлсэн. Бүсгүй хүнд эх орон нь хэн юм бэ? юу юм бэ? Харин тийм ээ, ээж аав, үр хүүхэд...хамгийн гол нь хайрт хань нь. Хамгийн элгэн хайртай бүхэн нь л эх орон болохоос бус, хоосон үзэл суртал, эд мөнгө, эрх мэдэл бол бүсгүй хүнд хоосон чанартай адил, үүгээрээ бүсгүй хүний хайр эрчүүлийнхээс хахь ондоо, өндөр дээгүүр! Ганц сайхан харцных нь төлөө, ханьдаа урам өгч, хамт байгаагаа харуулах л гэж агшинхан зуурт сатаарахдаа манжийн хорт сумаар сэт харвуулж Ану хатан амиа алдаж байгаа юм...

...Дараа нь Галданбошигт, өнөөг хүртэл зарим нь шүд амаа зуун бачуурч нэрийг нь дурсдаг заналт, дайчин эх оронч Галданбошигт хэн ч биш, юу ч биш болсон... Ганц хүүгээ манжуудад алуулах болтлоо доройтож, хэдэн оны дараа Ховдод, ганцаар шахам амьдарч,хатгаагаар үхсэн ч гэх. Түүх аймаар шүү. Энэ чинь амьдрал юм аа. Галданбошигт, Данжлаа нарын дүрийг бүтээсэн залуусын даруухан агаад эрхэмсэг, монгол эрсийн төрх үзэгчдэд хүрч, илүү дутуу маяг үгүй нь хүртэл сэтгэлд нийцтэй байсныг яахин мартах вэ. Киноны хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлт эхийн космо аялгуу дотор орж шаналгаад, хяруу унасан талд намрын салхи үе үе сийгэх мэт хөндүүрхэн сэтгэлтэй гарч явах бас нэг шалтгаан болоодохсон. Гэвч ийм баян,ухаж төнхөж бодох юмтай, илгээмжтэй энэ киног энэ л аялгуутай нь олон олон залууст үзүүлж сонсгох юмсан. Амарчилж, залхуурч,урлаг болоод урлагийнхныг түрийвчээр хэмжиж, ядмаг оюуныхаа хэрээр банждаг, өөрсдөө юу ч хийхгүй хэрнээ бусдыг элэглэж нүхнээсээ үл гаран хошгирох тарвага шиг юмнуудыг шилэн хүзүүн дээр нь дарж байгаад үзүүлж байхсан гэж бас бодогдож байна билээ. Киноны үнэ цэнэ эндээ бас байнаа.

Ану хатны гэгээ татсан харц, Монголын кино урлагт гэгээ татуулан орж ирсэн шинэ үеийнхний эл кино, Шүүдэрцэцэгийн уран бүтээлээ хөгжөөн хөөрөгдсөн авьяас, урам зориг, түшиг тулгуур...цөмөөрөө нийлээд ирэх цагийг түнэр харанхуйгаас гэтэлгэх зулын гэрэлд нэгдэх болтугай.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(202.179.20.228) 2025 оны 03 сарын 13

Хулан аалигүй яг *** шиг аашилдаг авгай. Өмссөн зүүсэн болон мэдэхгүй хэлээрээ ярьдаг болох гэж аяглах нь дэндүү инээдтэй. Ер нь сээтэгнүүр сээхэлзүүр намбагүй авгай. Дэндүү алиа. Бичсэн шүлгээ унших нь дажгүй санагддаг бусдаар дэндүү бүдүүлэг, паравгар.

1  |  0
Khuland(24.155.163.65) 2025 оны 03 сарын 13

Arai dendyy magtjee ug ni chinii ynelemj bol shal oor l baih estoi doo. Yg chin dendyy hudlaa baina gehdee yahav neg dor hamt ajillaj baisan bolohoor bas yaj muulad baih ve dee

1  |  0
Zochin(202.179.24.5) 2025 оны 03 сарын 13

Za Khulan guai yumiig magtaj bolno uran uyangalag ugtei chin tendee l bdg yum bgaa biz. Borgochin Altjin ene ter geed Mandukhai xatan kinog shuumjleed bgaamuu xaashaa yum Mandukhai xatnii tuuxiig ard tumendee unexeer saikhanaar xaruulj chadsan ter xamt olniig bitgii doromjil za tiim surxii bsn yum bol ochood zovlox ni yasiin xeden mor xelxej xen negniig shuumjilj suuxaas oor yum xiidgui chamaar Mongoliin ard tumen dutna gej bodood bgaamuu xaashaa yum xol ochij xuts za

1  |  0
Zochin(122.201.18.10) 2025 оны 03 сарын 13

Any xatand toglox oor jvjigchin oldoxgvi bsiin bx gej bodson Ter dolir golgor nvd danxar tolgoi Xiimel jvjiglelt vg vria ni neg l bishee Uran bvteelchid ni dendvv taaruu baisnaas bish Shvvdertsetseg bas vaxbe xoorxii zvtgeseen zvtgesen Amjilt

1  |  0
Зочин(122.201.18.18) 2025 оны 03 сарын 13

Хулан гэж согтуу Толгой Шүүдэрцэцгийн захиалгаар магтахчаа аядаж бичсэн юм байхдаа зайлуул Уран бүтээлч хүмүүс зүрх сэтгэлээсээ бүтээл туурвиж түүнийг нь үзэгч түмэн дүгнэдэг болохоос чиний магтсанаар болдоггүй л байхгүй юу Хоцрогдсон аргаа барсан шоу хөөцөлдсөнөөс өөртөө дүгнэлт хий Архи ууж увайгүй загнаж Хүүхэлдэйн театр хүүхдийн ертөнцийг бузарладаг үйлдлээ зогсоо

1  |  0
tomoo(202.179.2.59) 2025 оны 03 сарын 13

Tegeed hoorond n ys hayaad bgaa uil yvdliig tegeed hen bii bolgood bgaa yum be?Zuvhun Mongol gedeg negdsen oilgoltoi bj boldoggui yum uu?Bid dotroo dandaa ys undes jalga dovooroo hemeeld bh yumdaa.Tegeed Hulang gaigui zuil bichsen yum bolov uu gesen manjlaad orhison bh shivdee

1  |  0
МОНГОЛ(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

ХУЛАН ТА ЗАНГАА ЕЕРЧИЛЖ ХЭЗЭЭ Ч БОЛОХГУЙ ШУУ!!! ЭНЭ ХЭВЭЭРЭЭ Л БАЙГААРАЙ. ДАХИН ХЭЛЭХЭД ЕЕРЧЛЕГДЕВ!!!

1  |  0
МОНГОЛ(202.179.11.74) 2025 оны 03 сарын 13

Би та нарын хаяж явсан мах цусны тасархай МОНГОЛ хүн билээ. Миний нүдээр харахад зүүн аймгийнхны их талцдагүй дүнэгэр нураатай байдал жинхэнэ язгуур МОНГОЛ зан болов уу. Халх ойрд гэж онгирч байгаа энэ нөхдүүдийн харалган байдал ямар байдалд хүргэхийг хилийн чанадад байгаа элэг нэгтнүүдээсээ асууж ойлгоход оройтоогүй шүү. Та нарт энэ бүгдийг хэлэхийн төлөө монгол биш бичгийг чинь сурч амьдралаа орхин зүдэрч яваа нэгэн бээр мэхийн ёслов.

1  |  0
Top