
Монгол Улсын Эрдмийн Их Сургууль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын улс ардын аж ахуй, төрийн албаны Академийн хамтын ажиллагааны хүрээнд “Төрийн удирдлагын орчин үеийн технологи” сэдэвт төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх нэг сарын сургалт 2026 оны 6 дугаар сарын 8-ний өдөр эхлэв. Сургалтыг танхимын хичээл, практик дадлага, онлайн вебинар, цахим сургалтын хэлбэрээр явуулах бөгөөд төгсөгчдөд сертификат олгоно.
Тус сургалт нь Монгол, Оросын боловсрол, шинжлэх ухаан, төрийн удирдлагын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтад төрийн байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамрагдлаа.
Сургалтын явцад ОХУ-ын Ерөнхийлөгчийн Академийн Төрийн удирдлагын дээд сургуулийн профессор, судлаачид төрийн удирдлагын орчин үеийн чиг хандлага, клиент төвтэй төрийн үйлчилгээ, төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага, төрийн албаны ёс зүй, удирдлагын шинэ технологи зэрэг сэдвээр цуврал лекц уншиж, практик туршлагаасаа хуваалцан идэвхтэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Сургалтаар удирдлахуйн ухааны орчин үеийн онол, арга зүйн мэдлэг олгохоос гадна олон улсын бодит туршлага, кейс судалгаа, практик шийдлүүдэд тулгуурлан тоон шилжилт, глобаль шинэ сорилтын нөхцөлд төрийн удирдлагыг шинэчлэх асуудлыг авч үзнэ. Ингэснээр оролцогчид төрийн удирдлагын шинэ технологи, клиет баримжаалсан шинэчлэлийн талаар мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх болно.
Монгол Улсын Эрдмийн Их Сургууль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн Академи нь төрийн удирдлага, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж байгаа бөгөөд энэхүү сургалт нь хоёр байгууллагын стратегийн түншлэлийн үр дүнтэй жишээ болж байна.




Сэтгэгдэл ( 0 )