Оюу Толгой компанийн зэсийн баяжмалыг олон улсын зах зээлд нийлүүлэх анхны цувааг үдэн гаргах ёслол Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн баяжуулах үйлдвэрт болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Засгийн газраас өгч буй мэдээллийг харахад Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл худалдааны гэрээг хянаж үзсэний дараа зэсийн баяжмалыг экспортод гаргах асуудлыг дэмжсэн гэлээ. “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан цуваа Оюутолгойгоос Гашуун сухайтын боомт руу хөдөлсөн нь монголчуудын хувьд чухал үйл явдал гэж эрхмүүд үзэж байна.
“Сүүлийн 40 шахам жил Монголд Оюутолгойн үйлдвэр шиг том бүтээн байгуулалт хийсэнгүй. Эрдэнэт үйлдвэрээс хойшхи том бүтээн байгуулалт болох Оюутолгойн зэсийн баяжмалыг өнөөдөр олон улсын зах зээлд гаргаж байгаа нь монголчууд бидний болон хөрөнгө оруулагчдын хамтран ажилласан арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн. “Оюутолгойн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед манай орны уул уурхайн салбарын экспортын хэмжээ 30-40 хувь нэмэгдэнэ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөгжилд хөтөлсөн баяжмалын цуваа” ёслолын үйл ажиллагаанд оролцохдоо хэллээ.
Одоогийн байдлаар зэсийн баяжмалыг Оюу Толгойн ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. Удахгүй Оюу Толгой ордын зэсийн нөөцийн дийлэнх нь оршиж байгаа далд уурхайд хүрч олборлолт явуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )