Монголын эрх бүхий албан тушаалтнуудад авлига өгсөн, татвараас бултсан байж болзошгүй Саусгоби сэндс ХХК Овооттолгойн нүүрсний уурхайгаа өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр дахин нээснээр монголын уул уурхайн салбар дахь орон зайгаа алдахгүй нь гэдэг нь тодорхой болсон гэхэд болно. Тус компанийн зүгээс үйл ажиллагаа нь зогсоод байсныг дэлхийн нүүрсний зах зээлийн таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарладаг ч, үнэн хэрэгтээ бол Монгол Улсын хуурь дүрмийг зөрчсөн учир үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэлх хэмжээнд асуудал үүссэн талаар бид өмнө нь өгүүлж байсан. Харин АМГ-ын дэд дарга нарын орон гаран зүйлс ярьдаг нөхдүүд бол ерөөсөө тийм зүйл байгаагүй гэж мэлздэг. Гэсэн ч АМГ-ын дарга асан Д.Батхуягт анхан шатны шүүхээс 6 жилийн ял оноосон үндэслэлүүд дунд “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын болон ашиглалтын таван лицензийн дөрвийнх нь эрхийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон тухай асуудал бий гэдгийг тодотгох хэрэгтэй. Тэгсэн ч “Саусгоби Сэндс” компанийн үйл ажиллагаанд бол ийм асуудлууд хамаагүй бололтой юм. Өөрийнхөө эзэмшил дэх өмнийн говийн нүүрсний ордуудыг Хятадын төрийн өмчит компанид шилжүүлэхээр удаа дараагийн хэлцэл хийж байсан “Саусгоби сэндс”-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн зэрэгцээ Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар нь С.Энх-Амгалан гэх эрхэм томилогдоод байна. Тэрээр өмнө нь “MCS” группийн охин компаниудад удирдах алба хашиж байсан, түүнчлэн “Newcom” группийн охин компани “Clean Energy” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн юм. Тэгвэл тэрээр хэл ам дагуулсан олон асуудалтай “Саусгоби сэндс” компанид ирээд үйл ажиллагааг нь сайжруулахад хувь нэмрээ оруулан ажиллах болно гэдгээ хэлж сууна.
Шинэ удирдлагын хувьд ч ингэж хэлэхээс яахав. Харин компанитай холбоотой хууль зөрчсөн тухай асуудал дарагдаад өнгөрч байгаа юм биш үү гэдэгт анхаарах хэрэгтэй биз. АМГ-ын дарга асан Д.Батхуягийг баривчилсны дараа тус компанийн Моннис дахь оффисыг лацдаж байсныг манай уншигчид санаж байгаа биз ээ. Тэгээд АТГ-аас Саус Гоби Сэндс компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаад, нутаг буцаасан. Дараа нь хоёрдугаар сард Саус Гоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплаг монголоос гарахыг хориглосон тухай, тус компанитай холбоотой асуудал шалгагдаж байгаа гэх мэдээллүүд байсан. Харин сүүлийн үед тэдгээр асуудлууд намжиж байна. Уурхайн үйл ажиллагаа нь 9 сарын хугацаанд зогсоход, компани нь зах зээлийн шинэ нөхцөл байдалд тохируулан бүтцийн өөрчлөлт хийсэн, Монгол Улс дахь үйл ажиллагаагаа бэхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэх мэдээллийг өгсөн. “Саусгоби Сэндс”-ийн толгой болох Саусгоби Ресурс компанийн мэдээллээс харахад Монгол Улсын өмнөд хэсэгт орших төмөрлөгийн болон эрчим хүчний нүүрсний орд газрын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байгаа.Монгол Улсад бүртгэлтэй, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин, өөрийн гол орд болох Овоот Толгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг Саусгоби сэндс компанийг 100 хувь эзэмшдэг. Компани нь Овоот Толгойн ордоос олборлосон нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлдэг.Саусгоби Ресурс компани Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд нийт хувьцааных нь 58 хувийг Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс компани эзэмшдэг. Туркойз Хилл Ресурс нь Саусгоби компанийг 2012 оны 9-р сараас удирдах болсон бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн дээд удирдлагад өөрчлөлт оруулаад байгаа. Туркойз Хилл Ресурс компанийн ихэнх хувийг Рио Тинто эзэмшдэг юм. Энэ нь Оюутолгойг хөдөлгөгч Рио Тинто өмнийн говийн нүүрсний бассейныг эзэмшиж байгааг илтгэж байгаа хэрэг билээ.
За ямартай ч өмнийн говийн нүүрсний бассейныг өмнөд хөршийн төрийн өмчит компанид өгчихөө шахсан “Саусгоби сэндс” компани монголын хуульд хашигдалгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Тэдний зүгээс байр сууриа илэрхийлэхдээ компанийнх нь үйл ажиллагаа олон зуун Монгол айл өрхийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг ухамсарладаг гэсэн. Тиймдээ ч үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өөр гарцгүй болсон, хууль журам зөрчсөн гэж ойлгогддог.
Сануулахад, "Саусгоби сэндс" компанийг 2007-2011 онуудад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр АТГ-т шалгаж байгаа талаар албаны эх сурвалжууд хэлж байсан. Гадаад талаас тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобал Давид болон Хабитон, Кажуком нарын нөхдүүдийг шалгаж байгаа гэж байсан ч, энэ талын мэдээлэл ерөнхийдөө дарагдмал байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
end gancthan chudarga chuun uguilegdeed l baina daa
bajlgiin achgaaraa mongoldoo l um byteehgui ganct negnii hormoi hotond orood dald org baigaa ni haramcaltai baina
Bathuyag eh oron gazar shoroog mini zarj dollariin terbumtan bolson. Yal shiitgel gej ineedtei yum ugsun. Ulsad uchruulsan hohirliig ni tuluuleh heregtei. Ter*****ajilaad AMHEGiin darga bolood dollariin terbumtan bolson. Ter esvel tiim undur tsalintai alban tushaal uu. Hurungiig ni huraah heregtei. Togmid gegchid 4terbumiig hadgaluulsan hed heden kazino baiguulj ugsun geh yariya bn