Францын уул уурхайн “Арева” группээр дамжуулан Японы “Мицубиши” корпораци Монгол Улсын ураны салбарт хөл тавих хүсэлтээ илэрхийлжээ. Тодруулбал, “Мицубиши” корпораци “Арева Монгол” компаниас хувь эзэмших шийдвэр гаргаж, компанийн хайгуулын ажилд оруулсан хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний хувь эзэмшлийг хүссэн байна. Энэхүү хүсэлтийг “Арева Монгол” компани харгалзан үзээд “Мицубиши” корпораци өөрт нь “Арева Монгол”-ын 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоосон байна.
Тиймээс хуулийн дагуу өнгөрсөн нэгдүгээр сард хувь эзэмшигчдийн шилжилт хөдөлгөөний тухай Цөмийн энергийн газарт мэдэгджээ. Харин одоогоор Цөмийн энергийн газраас ямар нэг хариу ирүүлээгүй тухай “Арева Монгол” компани мэдээллээ. Нэмж хэлэхэд “Арева” группын охин компани болох “Кожегоби” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )