“Эрдэнэс-Тавантолгой”-г Энержи ресурс шиг ажиллуулах үүрэг өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалт, ашигт малтмалын салбарын эрх зүйн орчинг сайжруулах хуулийн төслүүд хэлэлцэх гэж буйтай холбогдуулан энэ сарын 12-15-ны өдрүүдэд Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, уул уурхайн үндэсний компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм.

УИХ-ын дарга эхлээд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллахдаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Зүүн, Баруун цанхын уурхайн ажиллагаатай танилцав. Тэрбээр энд ажиллах үеэрээ сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Бид өөрсдөө нүүрс олборлож чадна, австраличуудаас дутах юм байхгүй. “Эрдэнэс-Тавантолгой” лицензтэй компанийн хувьд гэрээт олборлогчоор олборлолтоо хийлгээд өөрсдөө санхүүгийн эрсдэлд орохгүй байх нь зүйтэй гэдэг чиглэлийг төрөөс гаргасан. Энэ бодлогын үүднээс шинэ удирдлагын хийж байгаа ажлыг харж явна. Цаашид хийхээр төлөвлөж байгаа цахилгаан станц, усны асуудлыг шийдвэрлэх, усны хайгуул хийж хүндрэлүүдийг арилгах хэрэгтэй байна” гэлээ.

“Хишиг арвин индэстрал” ХХК нь Баруун цанхад олборлолт хийж байгаа үндэсний гурван компанийг нэгтгэсэн консерцумын толгой компаниар ажиллаж байгаа аж. Тус компанийн ерөнхий менежер М.Хишигт ярихдаа, 400 гаруй ажилчид өдөр, шөнийн хоёр ээлжээр ажиллаж, өнгөрсөн 8 дугаар сарын тухайд 400 мянган тонн нүүрс олборлосон гэсэн бол уурхайн ерөнхий инженер Р.Нацагдорж үндэсний консерцум уурхайн олборлолтыг гэрээгээр гүйцэтгэснээр компаниуддаа ч ашигтай, “Эрдэнэс-Тавантолгой”-д ч ашигтай ажиллаж чадаж байна гэж байв.

Олборлосон баялгийг орон нутгийн хөгжилд зарцуулснаар эдийн засгийн өгөөжийг иргэд хүртэнэ

Өмнөговь аймгийн Цогтцэций дэх “Ухаа худаг” уурхайн үйл ажиллагаатай УИХ-ын дарга З.Энхболд танилцах үеэрээ тус уурхайд түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн систем, цахилгаан станц зэргийг “Энержи ресурс” компани дэлхийн дэвшилтэт технологийг ашиглан барьж байгуулан ашиглаж байгаатай танилцсан юм.

“Энержи ресурс” компани уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн ухаалаг бөгөөд усыг 100 хувь эргүүлж ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт систем бий болгосноор уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ундны цэвэршүүлсэн усаар хангаж байгаа аж. Цэвэр усны нөөцөөр хомс говь нутгийн онцлогийг дээд зэргээр харгалзсан ус хангамжийн энэ систем нь усан сан, насос станц болон иж бүрэн автомат хяналтын систем гээд технологийн онцлог шийдэл бүхий хэсгүүдээс бүрддэг байна. Усан сан нь 5 метр гүн, 56 мянган шоометр усыг нөөцлөх багтаамжтай. “Ухаа худаг” уурхайн нүүрс баяжуулах үйлдвэр нь Монголд анхдагч бөгөөд хэрэглэсэн усныхаа 96 хувийг эргүүлж ашигладаг технологиор ажилладаг аж. Цахилгаан станцын тухайд говь нутгийн байгалийн онцлогт нэн тохиромжтой хуурай хөргөлтийн систем, усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан тул одоогоор Монголд ажиллаж байгаа бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэх боломжтой юм. Цахилгаан станц ашиглалтад орсноор нийт 140 гаруй ажлын байр шинээр бий болсны 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажилладаг байна.

 

Хувийн компаниас сурах юм төрийнхөнд их байна

УИХ-ын дарга Цогтцэций сумын Засаг дарга Н.Амгалантай уулзах үеэрээ тус сумаас олборлож байгаа баялгыг орон нутгийн хөгжилд зориулахад төрийн болон хувийн компанийн хувь оролцоо эрс ялгаатай байгааг анхааруулсан юм. Тэрээр хэлэхдээ, хувийн компани орон нутгийн нийгмийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийж, олон сайхан бүтээн байгуулалт хийж чадсан жишээ дэргэд нь харагдаж байгаа учир “Эрдэнэс-Тавантолгой” компанийг ч мөн ийм байдлаар ажиллуулах үүрэг даалгавар өгөх болно гэлээ.

“Энержи ресурс” компани Ухаа худагийн ажилтан, ажиллагсдын ажлын таатай бөгөөд найдвартай, эрүүл орчныг бүрдүүлсэн "Галлерей" хотхоноос гадна хашаа, худаг, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж зэрэг гадна дотно тохижилтыг цогцоор нь шийдсэн "Уурхайчин" жишиг гэр хорооллыг барьж байгуулжээ. Түүнчлэн говь нутгийн цаг агаарын онцлогийг харгалзан оршин суугчид, ялангуяа хүүхэд багачуудын тав тухтай байдлыг хангах зорилгоор 300 айлын иж бүрэн тавилгатай "Цэций" хороолол, сургууль, цэцэрлэгийн "Мөрөөдөл" боловсролын цогцолборыг барьж байгуулснаар хүн амын төвлөрөл ихтэй, төвөөс алслагдмал Цогтцэций сум төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын үйлчилгээний ачааллыг хөнгөлөхөд томоохон хувь нэмэр оруулсан байна. Энд хүүхдүүдэд нэг ээлжээр чанартай боловсрол олгох, хичээлийн бус цагаар төрөл бүрийн давтлага, сургалт, хүмүүжлийн ажлууд зохиох боломж бүрджээ. Цогцолборын зайлшгүй нэг хэсэг болох цэвэрлэх байгууламжийг барьж байгуулснаар тус сум мөн л улсдаа анхны цэвэрлэх байгууламжтай сум болжээ.

“Энержи ресурс” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж ярихдаа “Дэд бүтцийг байгуулах нь зардал ихтэй, шууд ашгийн бус ажил байдаг. Гэвч бид урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд орон сууц, сургууль, цэцэрлэг, цахилгаан станц барьж байгуулахгүйгээр хөгжихгүй. Тиймээс уурхайн ашгаас нийгмийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь манай үйл ажиллагааны салшгүй хэсэг тул бид урт хугацааны төлөвлөгөө гаргаад түүнийгээ эхнээс нь гүйцэтгээд явж байна” гэж байлаа.

Харин сургууль, цэцэрлэгийн цогцолборыг харьцангуй богино хугацаанд барьж ашиглалтад оруулахад аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтын хөрөнгө оруулалт хийснийг тэрээр тодотгосон юм.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.5.196.170) 2013 оны 10 сарын 21

Эрдэнэс тавантолгой-д төрийн оролцоо байгаа цагт Энержи шиг хэзээ ч болж чадахгүй

0  |  0
зочин(103.29.144.82) 2013 оны 09 сарын 17

Өө энэ Их хурлын дарга чинь Өмнөговь аймагт ирж Ууурхайтай хагас өдөр танилцаад л бусад өдрүүдэд Гурвансайхан ууланд баахан сайд дарга нартайгаа 2 хоног наргиж байгаад явсан шүү дэ Өмнөговийнхон төр засгийн өндөрлөгүүдэд дуу хоолойгоо хүргэх архгүй юм бил ээ Аймаг дээгүүр нь шууд л туучаад гарах юм бил ээ Нэг ёсны Өмнөговийнхныг доромжилж байгаа байхгүй юу

0  |  0
зочин(103.29.144.82) 2013 оны 09 сарын 17

Ашгүй дэ Женко Баттулгийнхаа хийсэн гайг газар дээр нь очиж ойлогсон байх да Төмөр замын асуудлыг нь Женко яаж завааруулж байгаа билээ дэ Хувийн хэвшлийг дэмжинэ гэж тунхагалдаг АН-нхан яаж хэлсэн үгнээсээ хувийн амбиздаа автагдаж сүйтэгдэг ээ ойлгодог бол уу

0  |  0
иргэн(202.70.41.190) 2013 оны 09 сарын 17

энержи ресурсыг төрөөс дэмжихгүй байсаар байгаад олон зуун хүнийг ажилгүй, орлогогүй болгосон нь энэ засгийн газрын оролцоо юм. иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх олигтой бодлого боловсруулж чадахгүй байж хувийн компаниудын үйл ажиллагаанд хэт оролцож, намын харьяаллаас болж жирийн олон зуун иргэн, түүний гэр бүлд байгаа хэдэн арван зуун хүнийг ажилгүй болгох шаардлага байхгүй баймаар л юм. АН улс орныг элгээр нь хэвтүүллээ

0  |  0
2(103.11.195.133) 2013 оны 09 сарын 17

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
2(103.11.195.149) 2013 оны 09 сарын 17

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
2(122.201.18.33) 2013 оны 09 сарын 17

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
Top