БНХАУ, БНСУ, Казахстан, Монгол, ОХУ зэрэг таван орны геологчид хамтран хэрэгжүүлж байгаа "Хойд-төв-зүүн Азийн гурван хэмжээст геологийн структур ба металлогени" төслийн оролцогч 4 талын хээрийн аялалын дүнгийн ярилцлага боллоо.
Саяхан ОХУ-ын Эрхүү хотод болсон энэхүү энэхүү хамтарсан төслийн ээлжит ажлын уулзалтад оролцсон 4 орны судлаач эрдэмтэд манай улсын Дархан-Уул, Дундговь, Төв аймгууд явж хээрийн аялал хийж уг төслийн явцтай газар дээр нь танилцлаа.
Энэхүү хээрийн аялалд БНХАУ-ын Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Рен Лудонг, Лью Янхауй нарын 4 судлаач эрдэмтэн, ОХУ-ын А.П.Каркинскийн нэрэмжит Бүх оросын геологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор О.В.Петров, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Газар судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Гладкочуб нарын 6 судлаач эрдэмтэн, БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, Эрдэс баялагийн хүрээлнгийн Эрдэс баялгийн судалгааны газрын дарга, доктор Си Жунг Ши нарын 4 судлаач эрдэмтэн, Монголын улсын ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич О.Төмөртогоо, төслийн монголын талын удирдагч Б.Дэлгэрцогт нарын 5 судлаач эрдэмтэд оролцсон байна.,.
Ярилцлагын ажиллагаанд УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болд, Региональ судалгааны тасгийн дарга Д.Оюунцэцэг, АМГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог нар оролцсон байна.
Олон улсын хамтарсан төслийн ажлын уулзалтыг 2014 онд БНСУ-д, 2015 онд Монгол улсад хийхээр хийхээр тогтсон байна.
2002 оноос Казахстан, БНХАУ, Монгол Улс, ОХУ гэсэн дөрвөн орны геологийн албад хамтран олон улсын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа хийгээд 2007 он хүртэл "Төв Ази ба зэргэлдээх нутгуудын 1:2.500.000-ны масштабтай геологийн зургуудын атлас" зохиох төслийг амжилттай хэрэгжүүлж мөн оноос дээрх төслийн II үе шат болгон " Хойд, төв, зүүн Азийн гурван хэмжээст геологийн структур ба металлогени" төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлж байна.
Төслийн нэгдүгээр үе шат болох "Төв Ази ба зэргэлдээх нутгуудын 1:2.500.000-ны масштабтай геологийн зургуудын атлас зохиох" төслийн хүрээнд Ази тивийн томоохон бүс нутгийн геологи, тектоник, металлогени болон эрчим хүчний түүхий эдийн дөрвөн төрлийн зураг зохиож Австрали улсын Брисбени хотод болох Олон улсын геологийн их хурал дээр танилцуулсан билээ.
Төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд геологи, тектоник болон металлогенийн сонирхолтой зангилаа бүс нутгуудын тогтоцыг илүү нарийвчлалтайгаар судлан зургийг нь зохиох, улмаар томоохон тектоник бүтцүүдийн гүний тогтоцыг геофизикийн сейсмо, грави болон соронзонгийн региональ зураглалын үр дүн болон зарим региональ профилийн дагуух геофизикийн хэмжилтүүдийн материал дээр тулгуурлан гаргах зорилт тавьж ажиллаж байгаа юм.
Уг төсөл нь Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн региональ тогтоц болон гүний тектоник структурын бүтцийг хил залгаа орших уг төсөлд оролцож байгаа орнуудын геологи, тетоник, металлогений тогтоцтой уялдуулан холбох чухал ач холбогдолтой ажил юм. Иймд Монголын тал өөрийн орны нутаг дэвсгэрийн гүний тогтоцын талаар хийсэн геофизикийн региональ судалгааны материал болох чичирхийллийн, хүндийн хүчний болон соронзонгийн хэмжилтийн үр дүнг байгаа материалынхаа хэмжээнд боловсруулалт, тайлалт хийж гүний томоохон тектоник бүтцүүдийн мөн чанарыг гаргана. Мөн хамтарсан төслийн дагуу манай тал БНХАУ, БНКазУ, Монгол Улс, ОХУ-ын хилийг дамнасан Монгол Улсын хамгийн баруун хойд хэсгийн А1 (М-44, 45) талбай, болон мөн ОХУ, Монгол Улс, БНХАУ - ын хилийг дамнасан Монгол улсын зүүн хойд хэсгийн А2 ( М-49, 50) талбайд 1:1.000.000 масштабтай геологи, тектоник, металлогенийн зургийг шинэчлэх ажлыг 2010-2013 онуудад төсөлд оролцогч орнуудтай харилцан тохирч хэрэгжүүлэх юм.
Төслийн геологийн даалгаврын дагуу дараах ажлыг хийх аж. Үүнд: Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн региональ геофизикийн (соронзонгийн болон хүндийн хүчний) судалгааны материалд боловсруулалт хийж БНХАУ, ОХУ зэрэг хөрш зэргэлдээ орнуудын ижил төстэй зургуудтай уялдуулах замаар Хойд - Төв -Зүүн Азийн чулуулаг бүрхэвчийн зузааны 1:5000000-ын масштабтай ерөнхий зураг зохиоход оролцоно.
Монгол Алтайн бүс буюу A1 талбай (М - 45), Монгол-Агнуурын бүс буюу A2 талбайн (М -49, М -50) Монгол орны хэсэгт хамаарах хэсгүүдэд геологи, тектоник, металлогенийн 1:1000000-ын масштабтай зургуудыг тоон мэдээллийн хэлбэрээр зохиож хил залгаа орших БНХАУ, ОХУ -ын нутгийн мөн ийм масштабын зургуудтай уялдуулан холбож эцэслэн гаргах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )