Рио Тинто манай Засгийн газрыг мөнхөд шахах гээд байгаа юм биш биз!

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

Ээлжит бусаар хуралдаж байгаа УИХ-ын чуулганы үндсэн захиалга нь үргээд байгаа хөрөнгө оруулалтыг даллахын тулд  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн батлан гаргах явдал гэх мессеж энэ өдрүүдэд цацагдаж байна. Гэхдээ энэ хууль батлагдлаа гээд алга урвуулахын дайтай хөрөнгө оруулалт наашилна гэвэл эндүүрэл гэдгийг хэлэх эрхмүүд бий. Ямартаа ч энэ хуулийн араас түлхэж буй эрхмүүдийн хувьд нааштай үр дагаврыг дагуулна гэж байгаа ч, эсрэг байр суурьтай эрхмүүд бас бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эрхэм хэлэхдээ  “...Одоо оруулж ирж буй хуулийн төсөл нь 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн бол гадаад, дотоод гэж ялгахгүй, дөрвөн төрлийн татварт тогтвортой байдлыг бий болгоно гэх зохицуулалттай. Хуучин гадныхныг жаахан илүү үздэг байсан бол одоо тэгш үзнэ гэж байна. Ерөнхийдөө том хөрөнгөтнүүдтэй тогтвортой байдлын гэрээ байгуулах хууль болж хувирч байна. Энэ хуулийн төсөлд хэд хэдэн аюултай заалт байна. Жишээ нь, 15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгж татвараа төлчих юм бол хөрөнгөө гадагш нь гаргачихаж болно гэж байна. Дотоодын хөрөнгө оруулагчдыг гадагш гаргах заалт. Иймэрхүү зүйл нь ямар үр дүнд хүргэхийг мэдэхгүй л байна. Хууль санаачлагчдад ямар ч тооцоо судалгаа алга. Н.Батбаяр сайдаас “15-аас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн дотоодын хэчнээн хөрөнгө оруулагчид байгаа юм. Ийм хөрөнгө оруулсан гадаадын хэчнээн аж ахуй нэгж байна вэ” гэхэд хэлж мэдэхгүй байна. Үүний цаана татварын орлогын асуудал гэж бий.  Хуучин хуулиар 14 хоногийн дотор бүртгэдэг байсныг одоо 30 хоногт бүртгэнэ гээд хугацааг нь сунжруулчихсан зүйл ч байна. Бүхэлд нь харвал эдийн засгийн нөхцөл байдлаг хууль гаргаж хэл ам дарах гэсэн шинжтэй, дутуу дундуур хууль байна гэж дүгнэхэд буруудахгүй.” гэх зүйлийг хэлсэн. Гэхдээ уг хуулийн төслийг лоббидож байгаа түшээд олон учраас батлагдах нь тодорхой байгаа юм.

Тэгвэл манай улстөрчид дотооддоо ийнхүү хуулийн төслийг үзэглэхээр яарч байгаатай зэрэгцэн Оюутолгойн менежмэнтийн эрхийг атгагч “Рио Тинто” Монголын Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулах гэж байгаа талаар яригдаж байна.

Мөн  “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах Ажлын хэсгийн шалгалт дууссан бөгөөд шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа аж. Ямартай ч шалгалтаар зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдсон гэх мэдээллийг салбарын сайд өгч байгаа. Өнгөрсөн хугацаанд талуудын байр суурь зөрөлдөөд байгаа үндсэн шалтгаан бол хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй холбоотой. Түүнчлэн Рио Тинтогийн зүгээс манай засгийн газарт шахалт үзүүлэх байдлаар хандаж байгаа нь нэгэнтээ ил болсон зүйл. Ямартаа л талуудын уулзалт дээр “Рио Тинто”-гийн захирлуудын нэг болох эрхэм  “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид “Рио Тинто” танайд нэг ч ам.доллар нэмж оруулахгүй. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ. Би амьдралдаа найман жилийн өмнө хүүгээ алдахдаа л ингэж гутарч, итгэл алдарч байсан” гэхчлэн ярьж байхав. Уг нь Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд  Монголын Засгийн газраас баталгаа гаргуулаад  дөрвөн тэрбум ам.долларын зээл авах зорилготой байсан аж. Тэдний хүссэнээр манай тал дэмжээд баталгаа гаргаад өгчихвөл ирээдүйд их өрөнд орох талаар сануулж хэлэгсэд цөөнгүй байгаа. Анхаарал татаж байгаа том асуудал бол хөрөнгө оруулагч нар  Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог хийгээд зээлдүүлэгчид өгсөн байсан нь манай зарим эрхмүүдийн хараанаас мултраагүй аж. Энэ нь одоо 4 тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргуулах бол цаашид ч нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүйг нэг талаас илтгэж байна. Манай Засгийн газрыг шахаанд оруулахын тулд үйл ажиллагаагаа зогсоож янз бүр болж дарамт үзүүлэх гээд байдаг хандлагатай хөрөнгө оруулагчдын хувьд дараа дараагийн эх үүсвэрээ татахын тулд яаж ч мэднэ. Гол нь манай эдийн засаг Оюутолгойгоос хамаарч эмзэгшсэн хэвээрээ л байвал мөнхийн шахаанд байх эвгүй зам л хүлээж байгааг хэлэх нь зөв биз.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top