Оюутолгойд зээл өгөхөөс татгалзаж байсан Дэлхийн банк энэ удаа яах бол..

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 11

“Оюутолгой”-н  анхны хөрөнгө оруулалтыг хэтрүүлсэн нь тодорхой болсон “Рио-Тинто” далд уурхайн хөрөнгө оруулалтыг  зээлээр шийдвэрлэх  хүсэлтээ манай Засгийн газарт тулгалт байдлаар хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч буй.Тэгвэл Рио Тинтод Дэлхийн банк,  Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн дөрвөн том санхүүгийн байгууллагаас тодорхой хэмжээний зээл авах зөвшөөрлийг Монголын Засгийн  газар олгож магадгүй талаар яригдаж эхэллээ. Энэ нь манай тал тэдний саналын өмнө бууж өгөхөөс өөр гарцгүй байдалд орж таарав уу гэх асуултыг тавихад хүргэж байна. Рио Тинтогийн зүгээс угаас манай засгийн газарт шахалт үзүүлэх байдлаар хандаж байгаа нь нэгэнтээ ил болсон зүйл.  Ямартаа л  “Рио Тинто”-гийн захирлуудын нэг болох эрхэм манай талын нөхдүүдтэй уулзахдаа   “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид “Рио Тинто” танайд нэг ч ам.доллар нэмж оруулахгүй. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ. Би амьдралдаа найман жилийн өмнө хүүгээ алдахдаа л ингэж гутарч, итгэл алдарч байсан” гэхчлэн ярьсан удаатай.

 

Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд  Монголын Засгийн газраас баталгаа гаргуулаад  дөрвөн тэрбум ам.долларын зээл авах гээд байгаа гэх мэдээлэл бий. Гэтэл Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог хөрөнгө оруулагчид өөрсдөө  хийгээд зээлдүүлэгчид өгсөн байсан нь манай зарим нөхдүүдийн анхааралд орж ирсэн. Тиймээс одоо 4 тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргуулах бол цаашид ч нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй гэх өнцөг гарч ирсэн.

 

За ямартаа ч Засгийн газар хүлээн зөвшөөрсний дагуу Оюутолгой дөрвөн эх үүсвэрээс зээл авах боллоо гэхэд бас асуудал бий. Тухайлбал, Оюутолгой  Дэлхийн банкнаас 1 тэрбум долларын зээр авахын тулд Австралийн Sustainability компаниар , байгаль орчны, нийгэм эдийн засгийн судалгаагаа хийлгүүлтэл, Дэлхийн банк тэр судалгаанд нь хангалтгүй гэх дүн тавиад, зээл авах эрхийг нь 2 жилээр хойшлуулсан байдаг. Харин одоо тэрхүү хугацаа нь наашилж байгааг үгүйсгэх аргагүй юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ааа(103.9.90.130) 2013 оны 10 сарын 18

Тэртээ тэргүй орж ирэхгүй байгаа мөнгөний юунд нь яардаг юм? Оюу Толгой бол луйвар. Яарах ямар ч шалтгаан олж харахгүй байна. Гадныхан л яарч байж магадгүй. Бидэнд алдах юм байхгүй. Учир нь ирээдүйд орох орлого болзошгүй эрсдэлд өртсөн болохоос бид ямар ч алдагдалд ороогүй.

0  |  0
Top