Өндөр уулын цоохор хаан тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

 Ирвэсийг нутгийнхан нь “Өндөр уулын цоохор хаан” гэж нэрлэдэг тухай сурагч Ц.Хонгорзулын комиксоос олж мэдэв.  Хонгорзул охин цааш нь “Өвөрхангай аймгийн Баруунбаян – Улаан, Богд сумын нутагт Баян Богд гэж сүрлэг уул бий. Түүний зүүн аманд манай өвөөгийнх нутагладаг. Би амралтаараа дүүтэйгээ хамт өвөөгийндөө байнга очдог. Нэг удаа очиход миний өвөө бид хоёрт ирвэс хамгаалах нийгэмлэг байгуулсан тухайгаа ярьж, “Дэлхийд ховордсон энэ амьтан манай энэ хайрханд амьдардаг гэж бодохоор үнэхээр бахархмаар зүйл шүү…, шунахай сэтгэлтэй хулгайн анчдаас ирвэсийг хамгаалах нь түүний бэлчээр нутаг, ундалдаг усыг хамгаалах төдийгүй энэ орчинд амьдардаг бусад амьтдыг ч хамгаалах ач тустай. Үеийн хүүхдүүд, дүү нартаа өндөр уулын энэ сайхан амьтныг хайрлан хамгаалах тухай ярьж, сурталчилж байгаарай” гэж захив. Би өвөөгийнхөө ярьсныг марталгүй сургуульдаа ирвэс хамгаалах “Гүенхэн” клубыг байгуулахаар шийдлээ” гэжээ.  ”Өндөр уулын цоохор хаан” бүтээлийн эзэн Ц.Хонгорзул БОНХЯ, БХС-аас зарласан “Бөхөн, мазаалай зөвхөн монголд л байдаг амьтад гэдгийг хүүхдүүд та нар мэдэх үү?” сэдэвт уралдааны ялагч боллоо. Ц.Хонгорзул Өвөрхангай аймгийн  “Мэргэд” цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч юм. Тэрбээр сургуульдаа ирвэс хамгаалах клуб байгуулах санаачилга яагаад гаргасан талаараа тун ч чамбай бичиж, зуржээ. Хонгорзул охинд амжилт хүсээд өргөмжлөл, 300 000 төгрөгөөр шагнахаар  болов.

 

Дэлхийд ховордож буй Монгол оронд амьдардаг ан амьтдыг хүүхэд багачуудад таниулах, хэрхэн хамгаалж, үржүүлэх талаар сурагч хүүхдүүдийн дунд зарласан комикс буюу зурагт өгүүлэмжийн уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 50 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Хүүхдүүдийн бүтээлийг зурган дүрслэл дэх уран сэтгэмж болон өгүүлэмжийн утга санааг хэрхэн бичсэнээр нь дүгнэж шалгарууллаа. Ц.Хонгорзул охины араас 2-р байранд Орхон аймгийн 4-р дунд сургуулийн  9-р ангийн сурагч Д.Шинэбайгаль, БГД-ийн 20-р дунд сургуулийн 4а ангийн сурагч Б.Дуламсүрэн нар шалгарч өргөмжлөл, тус бүр 200000 төгрөг, 3-р байранд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургуулийн 5б ангийн сурагч Г.Энхзаяа, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Ж.Эрдэнэхуяг, Завхан аймгийн 4-р дунд сургуулийн 9а ангийн сурагч Б.Оюунжаргал нар шалгарч өргөмжлөл, тус бүр 150000 төгрөг, тусгай байранд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Х.Даваадорж, Ш.Билэгдэмбэрэл, Орхон аймгийн 4-р сургуулийн  6-р ангийн сурагч Д.Шинэбилэг нарын бүтээл шалгарч тус бүр өргөмжлөл, 50000 төгрөгийн шагналын эзэд болов.

 

Уралдааны хоёрдугаар байрын шагналт Ж.Эрдэнэхуяг хүү  “Аргаль, янгир, шонхор шувууг хүмүүс нууцаар агнаж, тэд ховордож байна. Үүнийг зогсоомоор байна, манай нутгийн Арбулаг гэдэг газар тарвага зөндөө байсан, хүмүүс агнаад цөөхөн болчихлоо, тарвагыг дархан цаазтай амьтан болгож өгөөч” гэж өөрийн санал хүсэлтээ зурагт өгүүлэмжээрээ дамжуулан  илэрхийлсэн байна.

 

Уралдааныг шүүгчид хүүхдүүд энэ уралдаанд оролцохын тулд ан амьтдын тухай мэдээлэл цуглуулж, ховордож буй шалтгааныг мэдэж авч, цаашид хэрхэн хамгаалах, хайрлах талаар өөрсдийн хийж чадах зүйлийг санал болгож буйг сайшаав. Уралдааны шагналт байранд шалгарсан бүтээлүүдээр зурган ном хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top