Шивээ-Овоо стратегийн орд боловч 75 хувь нь хувийн мэдэлд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

ЭБЭХ-ийн сайд Д.Зоригтод хандаж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь асуулга тавилаа. Гишүүн уг асуулгаараа Шивээ-Овоогийн ордыг түшиглүүлэн цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн явц, тус станцын нүүрсний хангамж, нийлүүлэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл авахыг хүсчээ. Шивээ-Овоогийн нүүрсний ордыг 1957-1958 онд илрүүлж, 1986-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон бөгөөд тус орд нь  Өөхөн цагаан, Шинэ усны хэсэг, Ногоон нуур гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг байна. Шивээ-Овоогийн нүүрсний ордын нийт 29500.0 га талбайгаас Шивээ-Овоо нүүрсний уурхай зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га, төрийн өмчийн “Эрдэнэс MGL” ХХК 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчийн “Шинэ Шивээ” ХХК нь 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа аж. Шивээ-Овоогийн уурхай нь тус ордын талбайн зөвхөн 0.3 хувийг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа бөгөөд нүүрс олборлолтоо тасалдуулахгүйн тулд “Эрдэнэс MGL” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 200.0 га газрыг гэрээний үндсэн дээр төлбөртэй ашиглаж байгаа юм байна. Гэтэл Шивээ-Овоогийн ордын геологи хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснээс гадна уурхайг байгуулахад 67 сая ам.долларын зээлийг гадаадаас авч хөрөнгө оруулжээ. Стратегийн ордын тусгай зөвшөөрлийг ингэж олон хэсэгт хувааж, өөр өөр аж ахуйн нэгжид эзэмшүүлэх замаар стратегийн ордын бүртгэлээс хасуулах бусармаг арга түгээмэл болж байгаа учир асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж гишүүн үзэж байна. Тиймээс уг асуулгадаа Шивээ-Овоо уурхайг цаашид тогтвортой ажиллуулах замаар дээрх зээлийг эргэн төлөх, улс орны дотоодын хэрэгцээг найдвартай хангах шаардпагатай байгааг харгалзан Шивээ-Овоогийн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь тус уурхайд шилжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дурджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top