Засгийн газартай зөвшилцөөгүй ч Оюу толгойн төсвийг баталжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

“Оюу Толгой”-н ирэх жилийн төсвийг батлав “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал энэ сарын 11-12-нд болсон. Энэ удаагийн хурлаар компанийн 2014 оны төсвийг баталсан гэж албан ёсны цахим хуудастаа бичжээ. Гэхдээ компанийн удирдлагууд энэ талаар олон нийтэд дэлгээгүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр ТУЗ-ийн хурал ширүүн уур амьсгалтай байсан гэнэ. Ялангуяа далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудалд талууд санал зөрөлджээ.

Ямартай ч Оюу Толгой уурхайн цогцолборын үйлдвэрлэл, үйл ажиллагааг 2014 онд тогтвортой явуулах бэлтгэлийг хангах боломж бүрдсэн гэж удирдлагууд нь үзсэн байна. Тэд барилга, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжсэнээс хойшхи анхны бүтэн жилийн төсөв ийнхүү батлагдаж байгаа нь чухал ач холбогдолтой гэж онцолжээ.

“Оюу Толгой”-н ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Бид 2014 онд үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах ёстой. Тиймээс Оюу Толгой компанийн хамт олны хувьд төслийн оролцогч талуудад үр өгөөжөө өгөх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа тогтвортой бөгөөд аюул осолгүй явуулах өндөр үүрэг, хариуцлагатай жил хүлээж байна” гэж хэлэв.

Гэхдээ ирэх оны төсвийг баталсан ч Засгийн газартай нэгдсэн саналд хүрч чадаагүй нь эрсдэл дагуулж болзошгүй гэж үзэж буйгаа гадаад захирлууд нь илэрхийлжээ. Тус компани далд уурхайг ажиллуулж чадахгүй бол алдагдалд орох ба энэ асуудлыг нэн түргэн шийдвэрлэж чадвал Монголын талын олох ашиг 14 тэрбум ам.долларт хүрнэ гэснийг “MINING.COM” уламжилсан байна. Үүнээс гадна “Оюу Толгой”-д зээл олгох 15 банк гэрээ үзэглэхээ хүлээж байгаа гэдгийг ч мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн мэдэх(202.179.15.74) 2013 оны 12 сарын 28

Оюутолгойн ТУЗ-д шургалж олон мянган ам.доллораар амаа үдүүдсэн П.Цагаан гэдэг этгээд бас нэг томоохон ажил болох агаарын бохирдлыг улам ихсэгчихээд сүүлд нь ЗГ-руу чихээд өөрөө нэр цэвэр, овоо мөнгөтэй саллаа гэж бодвол үүрэх лай чинь нэмэгдлээ л гэсэн үг шүү

0  |  0
Top