Хэлгүй, дүлий казак хүүхдүүд ярьж сурна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Баян-Өлгий аймгийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд дохионы хэлийг казах хэл дээрээ сурч эхлэв. Аймгийн хүүхдийн төлөө хэлтэс зохион байгуулж буй энэ сургалтад Улаанбаатар хотоос ирсэн багш Б.Ариунзаяа, Ц.Пүрэвдоо, А.Даваасүрэн нар хичээл зааж эхэллээ. Хүүхдийн төлөө хэлтсийн дарга Х.Доман энэ тухай тайлбарлан ярихдаа,

-Энэхүү сургалт бол сонсголын эмгэгтэй хүүхдүүд боловсрол, амьдрах ухааны мэдлэг олж авах сайхан боломжийг нээж өгч байна. Сургалтанд эцэг эхчүүд ч чөлөөтэй оролцож болно гэв. Сургалт ахмадуудын өргөөнд тав хоног явагдах юм байна. Төрөлхийн дүлий боловч бичиг үсгийн боловсролтой болсноороо ажил хөдөлмөрөөрөө алдаршсан хүн тус аймагт хэд хэд байдгийн дундаас ахмад барилгачин Т.Советийн жишээг дурдаж болох юм. Түүний эцэг хуульч Тишханбай агсан хүүдээ хар багаас нь цагаан толгой, тоо бодлого зааснаар уншиж, бичиж, тоо бодож чаддаг болж, улс, аймгийн хөдөлмөрийн аваргаар шалгаран Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Т.Совет одоо ч хувиараа хөдөлмөр эрхлэн эхнэр, хүүхэдтэйгээ жаргалтай аж төрж байна. Эрдэмтдийн тодорхойлсноор дохионы хэл бол хүмүүн төрөлхтний анхны хэл бөгөөд энэ хэл буюу дохио зангааг эрүүл хүмүүс ч өргөн хэрэглэдэг юм байна. Тухайлбал, хүний баярлах, гомдох, уурлах нь дохиогоор тод мэдрэгдэн бусдад мэдээлэл өгдөг гэнэ. Жишээлэхэд, гар даллах нь “Баяртай, сайн яваарай” гэдэг “хэл”ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top