Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар нүүрсний олборлолт 28.6 сая тонн буюу 92.8 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 241 тэрбум төгрөг буюу 58.9 хувьтай байна. Энэ нь 2013 онд нүүрсний үнэ дунжаар 40 хувийн уналттай байсныг харуулж байна. Нүүрсний экспорт энэ оны эхний 11 сарын байдлаар 15.9 сая тонн байна. Энэ нь 2013 оны эхний улиралд нүүрсний үнэ огцом унаснаас компаниуд алдагдал хүлээхгүйн тулд нүүрсээ экспортлолгүйгээр нөхцөл байдлыг ажиглаж байсантай холбоотой. Өнөөгийн байдлаар уурхайн аман дээр Баруун цанхийн нүүрсийг 40 орчим ам.доллар, Зүүн цанхийн нүүрсийг /зээлийг дарахаар Чалко компанид нийлүүлж буй нүүрсний үнэ/ 35 орчим ам.доллараар нийлүүлж байна. Үүнийг Ганц мод, Гашуун сухайтын хилийн боомтын үнээр тооцоход 60-65 ам.доллар болох юм. Гэрээгээр Чалко ХХК-д нийлүүлдэг нүүрсний үнийг Хятад улсын биржийн үнийн индексээр тооцдог бөгөөд 70 ам.доллараас дээш үнээр нийлүүлж байгаагүй юм байна. Эндээс нүүрсний тухайд уурхайн амны болон хилийн боомтын гэсэн 2 үнэ байгааг ялгаж харж болно. Хилийн боомтын үнэд тээврийн зардал нь багтсан байдаг тул нүүрсний борлуулалтын үнэд эзэлж буй тээвэр ложистикийн зардал 40 орчим хувьтай байгааг харж болно. Төмөр зам тавьснаар энэхүү тээвэр, ложистикийн зардал хамгийн багаар бодоход 50 хувиар буурах боломжтой юм. Харин боомтын 60-65 ам.долларын үнэтэй байгаа нь түүхий нүүрсний үнэ бөгөөд, Энержи ресурс компанийн угаасан нүүрсний хилийн боомтын үнэ 2013 онд дунджаар 83 орчим ам.доллар /Ганц модны хилийн боомт дээр/ байна.
Сэтгэгдэл ( 0 )