Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой гэж үзсэн орд газруудыг Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дахь Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулдаг.
Тэгвэл энэ Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийг нэгтгэн, корпорацийн зохион байгуулалтад оруулж, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд давуу эрхийн хувьцаа олгоно” гэсэн заалтыг мөрийн хөтөлбөртөө заасны хувиар чамгүй зүйлийг амжуулах ёстой юм.
Түүнчлэн Уул уурхайн сайдын тушаалаар Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хилийн заагийг шинэчлэн тогтоох, шинээр хамруулах ордуудын талаар санал бэлтгэх Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн бариад байгаа юм. Харин УИХ ховор элементийн ордуудыг ховорт тооцох эсэх нь 2014 онд тодорхой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )