“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд энэ оны эхний улиралд гэхэд “Чалко” компанийн өрийг бүрэн төлж барагдуулна гэсэн мэдэгдлийг албан ёсоор хийгээд байсан. Тэгсэн “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ингэж хэлж ярьснаасаа ухран энэ оны эхний хагас жилд төлж дуусна гээд сууж байна. Үлдсэн өр болох 120 сая ам.долларыг 20 сая тонн нүүрсээр хаах бөгөөд төлж дуустал лав хагас жил орно гэлээ. Ёстой нөгөө мянгуужингийн үлгэрийг санагдуулам ийм тайлбарыг энэ нөхөр хийсээр байгаад сүүлдээ ч асуудал дөжрөх тал руугаа орчихоод байгааг хэлэх хэрэгтэй юм. Уг нь энэ онд Цанхийн Баруун, Зүүн хэсгээс нийтдээ 10 гаруй сая тонн нүүрс олборлох боломжтой гэдгийг судлаачид хэлсэн. Харин ийм янзаар бол чухам юу болох бол. Төр засгийн нөхдүүд халамжийн мөнгө тараахын тулд 350 сая ам.долларыг өмнөд хөршөөс зээлсний гайг энэ компани нуруун дээрээ үүрч байгааг бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ Я.Батсуурь гэдэг хүн энэ суудалд сууснаасаа хойш дэндүү худалч нэгэн болохоо ч хангалттай харуулж байгаа юм. Бодит байдал дээр Засгийн зааврын дагуу үйл ажиллагаа явуулагч “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтын гэрээ хийсэн компаниудтай олигтой ойлголцож, ажлыг нь урагшлуулж чадахгүй байгааг бас хэлэх хэрэгтэй.
Я.Батсуурь энэ албан тушаалд очихоосоо өмнө их л сайн сайхан зүйлс ярьдаг байсныг сануулахад гэмгүй байна. Өмнөх засгийн үед хийж чадаагүй бүхнийг хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн шулуухан үгсийг хэлдэг байсан тэрбээр ажлаа аваад хоёр жилийн нүүрийг үзэх шахаж байж үйл ажиллагааныхаа алдаа дутагдлыг “Чалко”-той хийсэн ашиггүй гэрээ рүү чихэхээс өөрийг мэдэхээ больсон. Баруун Цанхийн талбайд зарласан олборлогчийн тендерт “Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани шалгарсан хэмээн өөрөө хэлж байсан хэрнээ дараа нь тэр тендерийг “Хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх тендер” хэмээн залруулж худалчаа харуулсан. Харин дараа нь Баруун Цанхийн уурхай дээр нэг жилийн гэрээт олборлогчийн тендер зарлагдсанаар Я.Батсуурийн үнэн төрх илрээд ирсэн юм. Тэрбээр захирал болохоосоо өмнө С.Ганбаатар тэргүүтэй нөхдүүдтэй хамтран “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлаар багагүй зүйлийг ярьж, хэдхэн хүмүүс эзэмшихээр болоод байна энэ тэр гэж бухимдлаа илэрхийлж, тэмцэж магтаал хүртэж байв даа. Гэтэл сүүлдээ яасан. Чимээгүй байхыг эрхэмлэх болсон. Бүр Тавантолгойн аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааг иргэдэд олгох төслийг санаачилсан хэрнээ бүлэг дээрээ энэ асуудлыг хэлэлцэхэд эсрэг байр суурь илэрхийлсэн нь одоо ч элэг авмаар жишээ болоод байж л байна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагаар ирээд хууль зөрчсөн хулхи тендерүүд илрүүлсэн баатрын дүрээр тодроод байсан тэрбээр өнгөрөгч оны сүүлээр өөрөө ийм асуудалд нэр холбогдсон. Түүнийг энэ албанд суусны дараа бас л ийм үр ашиггүй гэрээ хийгдсэн талаар мэдээлэл бий. Зүүн цанхийн уурхайд хэдэн арван тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар авсан томоохон компанид Я.Батсуурь дарга дэмжлэг үзүүлсэн гэх зүйлийг эх сурвалжууд хэлж ярих болсон юм. Тэгэхээр ийм маягаар ажил хийсэн нэр зүүж суугаа Я.Батсуурийн үед Чалкогийн өр бүрэн барагдаж дуусна гэдэгт итгэхэд хэцүү л байна. За тэгээд өр ширээ барагдуулчихвал цаашид үйл ажиллагаа нь идэвхжиж, өөрийгөө бүрэн санхүүжүүлэх боломж бүрдэнэ гээд байгаа ч, үүнд удирдлагын урагштай байдал ихээхэн нөлөөтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 2 )
Sy.Batboldiin hiisen 70$ zarah nyyrsnii gereeg ashiggyigej tsutslaad 40$ bolgood Altanhuyagtai niilj zoryygii ni oorsdoo ashig bolgoj idej bga luivarchin
Харин энэ шудрага шуналгуй хун буруу муу муухайг арилгах гэж тэмцэж зов зам голидролд нь оруулах гэж зутгэж яваа шуу одоо Ажнай идэж тараасан уурхай таг болсон энержи ресорсы явахгуй шахуу харин Чалкогицн орийг дарж орноос гаргах гэж зутгэж бацхад нь Ж. Батсуурь оорийн булхайг илэрхээр гэмгуй ажилаа хиййж яваа хунийг оролдоод оорийнхоо олиггуй занг гаргаад яах вэ Шаравдорж Туяа гээд нэг намынханыгаа алдаг хун оор намын мороороо хунийг ч оролдоод олиггуй золигдоо